Tuesday, March 29, 2016

Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичиг




Сургалтын төлөвлөгөө
Сургалтын зорилго, түүнийг хэрэгжүүлэх агуулга, зарчим нь ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр тодорхойлогддог.
Сургалтын агуулга нь хичээлүүдэд төвлөрч, сургалтын төлөвлөгөөнд тусгагддаг.
Сургалтын төлөвлөгөө бол тухайн сургуульд судлах хичээлийн төрөл, түүний дэс дараалал, тэдгээрийг жилээр хуваарилан, тухайн хичээлийн жил, долоо хоногт судлах, тухайн цагийг тодорхойлсон чухал баримт юм.
Тиймээс сургалт хүмүүжлийн ажлыг төлөвлөх, хичээлийн хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, багшлах боловсон хүчнийг төлөвлөх гол үндэслэл болж байдаг.
Сургалтын төлөвлөгөө боловсруулахад хэд хэдэн зүйл харгалзах шаардлагатай.
-          Боловсролын стандартын үзэл санаанд нийцсэн, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн
-          Суралцагч өөрийгөө нээж илрүүлэх, хөгжүүлэх, авьяас сонирхолынхоо дагуу суралцах боломж бүрдүүлсэн.
-          Нээлттэй, уян хатан, олон хувилбартай байх нөхцөлийг хангах
-          Суралцагчийн нас, сэтгэцийн онцлогт тохируулан интеграци, дифференциацийг уялдаа холбоонд нь авч үзэх
-          Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажиллах амьдрах арга ухаан суулгах нөхцлийг бүрдүүлэх
-          Хичээлийн харьцаа, дараалал, залгамж холбоо, тасралтгүй суралцах нөхцөлийг бүрдүүлэх
-          Танхимын болон танхимын гадуурх сургалтын уялдаа холбоо, цагийн харьцааг оновчтой тогтоох

Сургалтын хөтөлбөр
Сургалтын хөтөтбөрийг сургалтын төлөвлөгөө, тухайн боловсролын стандартад үндэслэн боловсруулна.
Сургалтын хөтөлбөр нь сургалтыг зохион байгуулахын тулд боловсруулж мөрддөг үндсэн баримт бичиг юм.
Сургалтын төлөвлөгөөнд тухайн хичээлийг хэдийд, ямар хугацаанд, хэр хэмжээтэй судлахыг заасан байдаг бол сургалтын хөтөлбөрт сургалтын агуулга буюу судлах зүйлийн хүрээ хязгаарыг тогтоох төдийгүй сургалтыг зохион байгуулах арга, хэлбэр сургалтын орчинг хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлж, сургалтын үр дүнг яаж хэмжихийг нарийвчлан төлөвлөнө. Ийм учраас сургалтын хөтөлбөр нь хичээлийг төлөвлөх, зохион байгуулах, заах, үнэлж дүгнэх үндэс болдог.
            Сургалтыг төлөлвлөх, зохион байгуулах тухай Curriculum- ын онол нь ХХ зууны дунд үед боловсорсон. Сургалтын хөтөлбөрийн онол нь эхлээд төвлөрсөн бус боловсролын тогтолцоотой, англи хэлээр ярьдаг орнуудад туршилтын замаар үүсэн бий болсон түүхтэй.
            Гэхдээ энэ нь урьдчилсан шийдвэр учраас хэрэгжилтйин явцад өөрчлөгдөж болно. Хөтөлбөрийг байнга өөрчилж боловронгуй болгож байх шаардлагатай гэдэг утгаараа хөтөлбөрийг бүрэн төгс боловсруулах тухай ойлголт байдаггүй. Харин тасралтгүй сайжруулна, хөгжүүлнэ гэж үздэг. Хөтөлбөр боловсруулах нь тухайн  үеийн өөрчлөлт шинэчлэлтийн үзэл санааг тусгах, туршлага, мэдлэгийг амьдралд яаж хэрэглэх гэх мэт асуудлыг олон талаас нь авч үзэхийг шаарддаг.
            Хөтөлбөр боловсруулах нь тасралтгүй үргэлжлэх үйл явц, хамтын үйл ажиллагааны бүтээгдэхүүүн, үр дүн мөн.
Сургалтын хөтөлбөрийн хэд хэдэн төрөл байдаг. Үүнд:
1.      Шинжлэх ухаан төвтэй хөтөлбөр: ЮУГ гэдэгт илүү төвлөрдөг. Багш нь дамжуулагч, суралцагч нь хүлээн авагч гэж үздэг.
2.      Суралцагч төвтэй хөтөлбөр: ХЭНД гэдэгт илүү төвлөрнө. Хөтөлбөр, суралцагч бие биедээ харгалзсан байна. Хүүхэд сонголт хийж сургалтанд идэвхитэй нөлөөлөх боломжтой. Сурагчийн хүсэл сонирхол, хөгжлийн чадамж, төвшинд тулгуурлан хөтөлбөрөө өөрчилж болно.
3.      Асуудал төвтэй хөтөлбөр: Хувь хүний нийгмийн амьдралд байгаа асуудлыг шийдэхэд чиглэсэн. Сэдэвт эсвэл асуудалд чиглэсэн байдаг.
4.      Цөм хөтөлбөр: Заавал эзэмшсэн байх гол зүйлд (мэдлэг, ур чадвар, үнэт зүйл) төвлөрдөг. Бүх сурагчдад зайлшгүй шаардлагатай зүйл юу болохыг тодорхойлдог.
Хөтөлбөр боловсруулахын өмнө өөртөө дараах асуултыг тавих хэрэгтэй.
-          Сурагчдад ямар мэдлэг, ур чадвар, хандлага хамгийн их үнэ цэнэтэй вэ?
-          Түүнийг эзэмшихэд ямар үйл ажиллагаа хамгийн их үр ашигтай вэ?
-          Эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахад ямар арга хамгийн тохиромжтой вэ?
-          Эдгээр мэдлэг, ур чадварыг эзэмшсэнийг би яаж мэдэх вэ?
Сургалтын хөтөлбөрт дараах үндсэн асуудлууд тусгагдсан байна.
§  Хөтөлбөрийн нэр
§  Зориулалт (суралцагчийн нас, боловсролын аль түвшингийн сураглтанд хамрах)
§  Судлах цаг (сургалтын төлөвлөгөөнд өгөгдсөн цаг, тухайн боловсролын стандарт, агуулгын үлгэрчислэн хүрээг баримжаалж тогтоох)
§  Үндэслэл (тухайн хичээлийг яагаад зайлшгүй судлах шаардлагатайг гаргах)
§  Сургалтын зорилго (тухайн сургалтын ерөнхий зорилтыг тодорхойлно) ихэнх багш нар сургалтынхаа зорилтыг тодорхойлохдоо суралцагчид эзэмшүүлэх мэдлэгээр хязгаарладаг. Гэтэл сургалтын ойрын зорилго нь мэдлэг чадвар дадал байдаг. Хэтийн зорилго нь суралцагчдын хөгжил байдаг.
§  Сургалт нь хувь хүний хөгжилд баримжаалсан байх шаардлагатай. Иймд суралцахуйн зорилгын тулгуур 4 айд баримжаалж, сургалтын зорилгыг тодорхойлдог.
§  Зорилтууд. Ерөнхий зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн  сурагчид багш нарын хамтран гүйцэтгэх үйлүүдийг үр дүнгүүдийг тодорхойлно. Ингэхдээ оношлогоо, үнэлгээ өгөх боломжтой, суралцагчдын юу мэддэг, юу хийж чаддаг, хэрхэн өөрийгөө хөгжүүлж чаддаг болсон, бусадтай хамтран ажиллаж, амьдрах аргаа хэрхэн суралцаж буйг тодорхойлсон байх шаардлагатай. Эдгээр зорилтууд нь суралцагчийн мэдлэг ,чадвар, төлөвших цогц чадамжийг үнэлэх шалгуур үзүүлэлт болно.
§  Агуулга: Сургалтын агуулыг сонгон , боловруулахдаа тухайн боловсролын стандарт, хичээлүүдийн агуулгыг үлгэрчилсэн хүрээг сайтар судлах хэрэгтэй. Суралцагч тухайн айн хүрээнд ямар цогц чадамжуудыг эзэмшсэн байх ёстой вэ гэдгээс хамааруулан, агуулгын нэгжийг томсгосон байдлаар сонголтыг хийнэ. Ялангуяа бүлэг сэдвийн хөтөлбөр боловсруулахдаа тухайн сэдэв хамрагдаж байгаа айн хүрээнд, дурдагдсан чадварыг эзэмшихэд баримжаалсан агуулгыг сонгох ёстой. Иймд тухайн боловсролын стандартн зөвлөмжөөс агуулгын айн босоо ба хөндлөн холбоог харуулсан хүснэгтийг сайтар судлах хэрэгтэй. Мөн тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлага, онцлогийг харгалзах ёстой.
§  Арга зүй: хөтөлбөрийн арга зүйн хэсгийг тухайн боловсролын стандартын “Арга зүйн хөгжлийн үндэс”, агуулгын стандартын ай тус бүрийн эцэст бичигдсэн “Суралцахуйн үндсэн үйл ажиллагаа” бүлгээс баримжаа авч, өөрийн мэдлэг, туршлагад үндэслэн боловсруулна. Сургалтын арга зүйг боловсруулахдаа сурагчдын үйл ажиллагааг суралцахуйн зүй тогтлын дагуу зохион байгуулахыг хичээнэ. Сурах, сургах үйл ажиллагааг төлөвлөхдөө мэдлэг, чадварыг сэргээн санах, ойлгох, хэрэглэх, бүтээлч үйлийн аль түвшинд гүйцэтгүүлэх, оюуны үйлийн ямар ямар арга барил эзэмшүүлэх зэргийг тусгана.
§  Үнэлгээ: Тухайн сургалтын (бүлэг сэдвийн) эцэст суралцагчдад төлөвшсөн байх цогц чадмжийг төлөвшлийг үнэлэх арга хэлбэр, хэрэглэгдэхүүнийг хөтөлбөрийн зорилтуудыг баримжаалан үнэлгээний стандартын зөвлөмжид дурдсан гол шалгуур үзүүлэлт, жишиг даалгаврыг ашиглан боловсруулна.
§  Хөтөлбөрийн шалгуур: Тухайн хөтөлбөрийн сургалтын зорилгыг хангаж буй байдл, багш суралцагчийн чөлөөтэй, үр бүтээлтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж байгаа байдал, бусад улсын жишигт ойртсоон эсэх г.м. Өнөөдөр сургуулийн практикт багш нар гурван түвшний хөтөлбөр боловсруулж байна.
        I.            Хичээлийн (сургалтын) хөтөлбөр: Зааж байгаа ангийн судлах хүрээний агуулгыг бүлэг сэдвүүдэд хуваан, сургалтын төлөвлөгөөгөөр оногдуулсан цагт хуваарилан, тодорхой ангиудын хичээлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулна.
     II.            Бүлэг сэдвийн хөтөлбөр: дээрх хөтөлбөрт үндэслэн бүлэг сэдвийн хөтөлбөрийг нарийвчлан боловсруулсан.
   III.            Нэгж хичээлийн хөтөлбөр буюу конспект: Бүлэг, сэдвийг нэгж хичээлүүдэд задалж, агуулга, аргазүйг тодорхойлон төлөвлөнө.
Ийнхүү гурван түвшний хөтөлбөр боловсруулахдаа сургалтын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг багтаасан байхын зэрэгцээ хоорондын хамаарлыг тусгасан байх шаардлагатай.
Хэрэгцээ
Үр дүн
Зорилго  
Агуулга  
Зорилт
Арга зүй
 Хэрэглэгдэхүүн
Үнэлгээ
 











Сургалтын хөтөлбөрийг сургууль, багш  нар өөрсдөө боловсруулж, хэрэгжүүлэх учраас энэ нь тэдний хөгжлийн түвшинг тодорхой хэмжээгээр илэрхийлнэ. Ийм учраас сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжилдэг бөгөөд хэрэглэгчид сургууль, багш нарыг сонгох гол хэрэглүүр нь болдог.
            Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний шалгуурт стандартын шаардлага суралцагчдын хэрэгцээг хангах түвшин, сургуулийн багшийн нөөц боломжийг ашигласан байдлыг багтаадаг.
            Сургалтын хөтөлбөрийг байнга үнэлж засан сайжруулах замаар боловсролын үйлчилгээний чанарыг тасралтгүй ахуйлах боломжтой.
Сурах бичиг
Сурах бичиг нь сургалтын хөтөлбөрт зохицуулж, суралцагсдын үндсэн гарын авлага болгон зориуд боловсруулан бэлтгэж хэвлэн гаргасан номыг хэлнэ. Сурах бичиг бол сургалтын ерөнхий зорилго, түүний цөм агуулга, тухайн шинжлэх ухааны үзэл санаа, арга логикийг цэгцтэй тусгасан, суралцагчдынхаа нас сэтгэхүйн онцлогт тохирсон өвөрмөц хэлбэрийн сургалтын хэрэглэгдэхүүн юм. Сургалтын бодлогын тод илрэл болох сурах бичиг нь эрдэм шинжилгээний хялбарчилсан зохиолыг бодвол шинжлэх ухааны тодорхой мэдлэгийг баримт нотолгоонд тулгуурлан өмнөх мэдлэгт нь холбон залгамж байдлаар тусгадаг, зохиогчийн янз бүрийн үзэл бодлыг ишлэл болгон авдаггүй, зураг чимэглэл, суралцагчдад бие даан хийх дасгалуудыг заавал багтаасан байдгаараа ялгаатай.
Ямарч шатны сургуулийн сурах бичигт байдаг нийтлэг зүйл гэвэл шинжлэх ухааны хувьд үнэн байх, нэр томьёо оновчтой, хүтээмжтэй, үзэмжтэй, зохимжтой, дизайнтай, хэл найруулга, яруу, гол ба гол биш зүйлийг ялгасан, хүний анхаарал татахуйц байх шаардлагатай. Сурах бичиг нь суралцагчдад мэдээлэх, сэдэх, шалгах, залруулах, хүмүүжүүлэх, бичгийн хэлний соёлыг эзэмшүүлэх, шинжлэх ухааны сэтгэлгээ болон ертөнцийг үзэх үзлиййг төлөвшүүлэх үүрэгтэйн дээр сурагч оюутан эзэмших, бүтээлчээр ашиглах логикийг тодорхой хэмжээгээр тодорхойлж, сургалтын үйл явцад доторх нь материаллыг нь бататган ойлгоход ашиглах бодлого, дасгал, бие даан хийх даалгаврыг багтаасан байдаг.
Дээд сургуулийн сурах бичиг нь шинжлэх ухаан, техникийн хөгжлийн арга зүйн бүх хандлагыг тусгахын хамт бүтэц нь уг шинжлэх ухааныхаа онцлогтой зохицсон байж л оюутанд онолын  сэтгэлгээ, нэгтгэн дүгнэх дадал төлөвшүүлэх, уншаад юунд хэрэглэж болохыг тооцсон, өмнөх ба дараачийн түвшний сурах бичигтэй уялдсан байх шаардлагатай.
ЕБС-ийн сурах бичигт өгүүлбэр нь давхар салаа утгагүй, ойлгомжтой, хэллэг сонирхолтой, хүснэгт график, зураг, схем, жишээ аль болохуйц олон байхын хамт шинжлэх ухаан практикаар нотлогдоогүй зүйлийг оруулахгүйгээр үзэж буй хууль, зүй тогтлыг ямар хүрээнд хэрэглэж болохыг заасан, цээжлэх томъёо, хэмжигдэхүү, тодорхойлолтыг өөр өнгө шрифтээр бичсэн, аль болох таньдаг зүйлээс нь жишээ авсан байх, үгсийн хэмжээ гаргацтай, үзэмжтэй, өөр зүйлтэй харьцуулах боломжтой байх ёстой.
Сурах бичигт тавьж буй дээрх шаардлагуудыг хэрэгжүүлэх нь сургалтын үйл явцын чухал боловсрол юм.
Сурах бичиг бол тухайн хичээлийн агуулга, стандартад тохирсон эсэхийг манайд БСШУ-ны сайдын тушаалаар батлагдан сургалт-арга зүйн төрөлжсөн зөвлөл, эксперт нар хянан үзэж, хэвлэн хэрэглэх зөвшөөрөл олгодог.
Сүүлийн үед суралцагчийн ба багшийн сурах бичиг тусдаа гарч, сурагч оюутны эзэмшсэн мэдлэгийг  шалгах сорил, асуултыг оруулдаг болсоныг бид бүтээлчээр судлан туршиж ажиллахдаа хөгжил, төлөвшил, зан үйлийнх нь ахиц, өөрчлөлтийг үнэлдэг стандарт бус үнэлгээний шалгуур бүрийн үзүүлэлтийг боловсруулан ашигладаг боловсролтой байх шаардлагатай. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхэд  суралцагч бие хүн сургалтын үйл явцад дүрслэн бодохуйгаа бүтээлчээр хөгжүүлэх, танин мэдэхүйн болон практик чадвараа төлөвшүүлэх;  сургалтын материалыг шинэ алгоритмын хэлбэрээр төсөөлж сурах; боловсрол сургалтын бүтээлч орчныг хангахуйц сурган хүмүүжүүлэх гэх мэтээр хөгжүүлэх сургалтын янз бүрийн хувилбараар суралцагчдын сурч хөдөлмөрлөн таньж мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэн төлөвшихүйц сургалтын үйл явцын бүтээлч зорилтыг шийдэх туршлагатай болох зэрэг зорилтыг шийдвэрлэх нь нэн чухал боловсрол юм.
Сурах бичгийг сургалтад хэрэглэх арга зүйн үндсийг тусгасан багшид зориулсан гарын авлага байж болно. Түүнчлэн суралцагчийн бие дааж ажиллахад зориулсан ажлын дэвтэр (ном)-ийг бас тусгайлан бэлтгэж гаргадаг.
Сурах бичиг хэрэглэгдэхүүнийг сайн муу гэж ялгахаасаа илүүтэйгэйгээр сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, агуулгад хэр нийцэж байгааг харгалзан үзэх нь чухал.
Хамгийн гол нь суралцагчдыг дан ганц багшийн тусламжтайгаар бус өөрсдөө биеэ даан эрэл хайгуул, судалгаа хийх боломжийг олгох нь маш чухал.

No comments:

Post a Comment