Tuesday, April 5, 2016

Тэгш хамруулах боловсролын өнөөгийн байдал чиг хандлага



Тэгш хамруулан сургах боловсрол нь суралцагсдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, хэл соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлсээс үл хамааран  хүн бүрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, боловсрол эзэмших тэгш боломж болон эрхийг хангахад чиглэсэн үйл явц юм. Бүх нийтийн боловсролын зорилтуудад хүрэхийн тулд тэгш хамруулан сургах боловсрол нэн чухал билээ. 1960 онд ЮНЕСКО-гоос баталсан “Боловсролын салбарт ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэх тухай конвенц” нь тэгш хамруулах боловсролын гол тулгуур бөгөөд боловсролын салбарт үл ялгаварлал, тэгш хандлага, тэгш боломж гэсэн зарчмуудыг эрхэмлэдэг. Монгол улс 1964 онд уг конвенцид нэгдэн орсон юм.1948 оны НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон 1989 оны НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид ялгаварлан гадуурхалыг хориглож хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэйг заасан байдаг.
1993 оны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох НҮБ-ын стандарт дүрэмд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд тэгш боломж олгохыг дэмжиж, 1994 оны ЮНЕСКО-гийн Саламанкагийн мэдэгдэлд “ Сургуулиуд хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгмийн гарал, сэтгэлийн  хөдөлгөөн, хэл яриа болон бусад нөхцөл байдлыг үл харгалзан хүүхэд бүрийг авч сургах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй ба авьяаслаг хүүхдүүд, хараа хяналтгүй ба ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд, алслагдсан ба нүүдэлчин өрхийн хүүхдүүд, хэл, соёл ба үндэсний цөөнхийн хүүхдүүд болон бусад ялгаварлан гадуурхагдсан бүлгийн хүүхдүүд бүгд сургуульд хамрагдах ёстой гэж тэмдэглэсэн байдаг.Тэгш хамруулах боловсрол нь бүх хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдийн сурах хэрэгцээг хангахад чиглэгдсэн бөгөөд энэхүү үзэл баримтлал нь 1990 оны Бүх нийтийн боловсролын дэлхийн бага хурал болон Тусгай хэрэгцээт боловсролын асуудлаарх Саламанкагийн мэдэгдлийн суурь болж Дакарын боловсролын форумаар дахин баталгаажсан билээ.
 ЮНЕСКО-гоос “Тэгш хамруулан сургах багшийн боловсрол: Зөвлөмж” хэмээх цуврал ном товхимолыг боловсруулсан нь “ Удиртгал”, “Бодлого”, “Хөтөлбөр”, “Хэрэглэгдэхүүн”, “Арга Зүй” гэсэн 5 агуулгаас бүрдэх бөгөөд Тэгш хамруулан сургах боловсролын үзэл санаанд нийцсэн багш боловсролын шинэчлэл, хөгжил дэвшлийг дэмжин зөвлөмж гаргасан. Энэхүү товхимолыг манай байгууллага БМДИ, МУБИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран өөрийн оронд нутагшуулах үйл ажиллагаа  амжилттай эхлээд байна. Энэ нь хүүхдийг тэгш хамруулан сургах  нь багш болохоор бэлтгэгдэн байгаа оюутаны сургалтын агуулга, багшаар ажиллаж байгаа багш нарын мэргэжил дээшлүүлэх  сургалтын чухал сэдэв болж багш нарт түгээн дэлгэрүүлэх гарын авлага зөвлөмж болох юм.
Боловсролд тэгш хамруулах үзэл баримтлалыг тусгай хэрэгцээтэй хүмүүсийн боловсролын асуудлаарх 1994 оны дэлхийн бага хурлын үеэр тодорхойлсон. 
Хүүхэд бүрт өөрийн гэсэн онцлог хэв шинж, сонирхол, авьяас чадвар ба суралцах хэрэгцээ байдаг тул боловсрол эзэмших эрхээ хэрэгжүүлнэ гэдэг нь  эдгээр харилцан адилгүй хэв шинж ба хэрэгцээ шаардлагыг нь тусгасан боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдахыг хэлнэ.
 Боловсролд тэгш хамруулах тогтолцоог бүрдүүлэх зорилт нь аль ч газрын бүхий л хүүхэд боловсрол эзэмших эрхээр хангагдах буюу ердийн сургуулиуд бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулах зарчмыг хэрэгжүүлсэн цагт л биелэгдэнэ. Иймээс тус бага хурлын үеэр зарчмын хувьд хэд хэдэн үзэл санааг чухалчилсан бөгөөд сургуулиуд нь: бие бялдар, оюун санаа, нийгмийн гарал, сэтгэлийн  хөдөлгөөн, хэл ярианы бусад нөхцөл байдлуудаас үл хамааран бүх хүүхдийг сургах ёстой гэж онцлон тэмдэглэсэн. Ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй боловч авьяаслаг хүүхдүүд, хараа хяналтгүй ба ажил эрхэлдэг хүүхдүүд, алслагдсан ба нүүдэлчин өрхийн хүүхдүүд, хэл, соёл ба үндэсний цөөнхийн хүүхдүүд болон бусад ялгаварлан гадуурхагдсан бүлгийн хүүхдүүд бүгд сургуульд хамрагдах ёстой. 
Монгол улсын чиг хандлага
Монгол улс НҮБ-ын гишүүн орныхоо хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол улсын үндсэн хуулиа дээдэлж, хүүхэд багачуудынхаа хөгжих, боловсрох эрхийг хамгаалан 1996 онд "Хүүхдийн эрхийг хамгаалах тухай" хууль баталснаас гадна Боловсролын багц хуулинд бүх хүн суурь боловсрол эзэмшсэн байх ёстой гэж заасан байдаг. 
Хууль эрх зүйн талаас нь авч үзвэл, Монгол Улсын Үндсэн хуульд бүх хүүхэд сурч боловсрох эрхтэйг баталгаажуулсан байдаг. Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцэд Монгол улс нэгдэн орсон бөгөөд тус конвенцэд гарын үсэг зурсан улс орнууд хүүхэд бүрийн боловсрол эзэмших эрхийг хангахын төлөө ажиллах үүрэг хүлээдэг билээ. Бүх нийтэд боловсрол олгох олон улсын хөдөлгөөн, Боловсрол эзэмших тусгай хэрэгцээний тухай Саламанкагийн мэдэгдэлд Монгол улс нэгдсэн бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг боловсролд тэгш хамруулдаг, саад бэрхшээлийг арилгасан, эрхэд тулгуурласан нийгэм байгуулах талаар авах арга хэмжээний Бивакогийн ерөнхий хүрээний төслийг гаргахад оролцсон билээ. Эдгээр гэрээнд тулгуурлан Засгийн газраас бүх хүүхдэд, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чанартай боловсрол олгох зорилт тавьсан. 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах нь Монголд хэд хэдэн шалтгааны улмаас нэн чухал ач холбогдолтой юм. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөвхөн тусгай сургуулиар сургаж байсан бөгөөд тэдгээр сургуулиудад ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн маш бага хувь нь хамрагдаж байв. Хөдөө орон нутагт ажиллаж байсан тусгай сургуулиуд нь зах зээлийн нөхцөлд оршин тогтнох боломжгүй болж хаагдсаны улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ихэнх нь боловсролд хамрагдах боломж нь хязгаарлагдаж, нийгмийн эмзэг бүлгийн нэг хэсэг хэвээр үлдсээр байна. Ердийн сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч болох наад захын орчин бүрдээгүй, анги дүүргэлтийн тоо их, хүүхэд бүртэй тулж ажиллах боломж хомс, нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхах хандлага их, ядуугаасаа болоод суралцах боломжгүй, түүнчлэн сургууль нь хол оршдог, сургалтын хэрэгсэл дутмаг зэрэг нийгмийн талын материаллаг бэрхшээл саад болсон хэвээр байна. 
Сүүлийн хэдэн жилийн дотор Монгол улсын боловсролын тогтолцоонд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан бөгөөд боловсролд тэгш хамруулах асуудлаар бодлого боловсруулах болон үндэсний хэмжээний бүтэц бүрдүүлэх талаар гарсан хамгийн сүүлийн үеийн томоохон ололтын нэг нь 2003 онд батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөр" бөгөөд тус хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд ердийн сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт мэдэгдэхүйц нэмэгдсэн. 
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангахын төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд, зарим нэгэн олон улсын байгууллагууд шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний үр дүнд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх олон нийтийн ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдөж, хууль эрх зүйн орчин бага боловч сайжирч байна. 
Монгол улсын Засгийн газраас хүүхэд бүрт тохирсон боловсрол олгоход анхаарч, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд хамруулах үйл ажиллагааг төрийн бодлогын хүрээнд авч үзэн гадаадын хандивлагч байгууллагууд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах үйл ажиллагаа 1994-1998 онуудад "интеграцчилсан сургалт" нэртэйгээр ДАНИДА төслийн хүрээнд эхэлж, 1998-2006 онуудад Их Британий Хүүхдийг Ивээх Сангийн "Боловсролд тэгш хамруулах сургалт" төсөл, 2004-2006 онуудад СИДА-гийн "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол" төслийн хүрээнд тус тус хэрэгжсэн билээ. Түүнчлэн тэгш хамруулах боловсролын асуудлаар үндэсний хэмжээний бодлого зохицуулалтыг удирдан чиглүүлэх зорилгоор 2003 оны 2 дугаар сарын 17-нд БСШУЯ-ны Бага, дунд боловсролын бодлого зохицуулалтын газрын дэргэд "ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОВСРОЛЫН НЭГЖ" байгуулагдсан. 

Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх олон нийтийн ойлголт эрс сайжирч эдгээр хүүхдүүд нь бусад хүүхдийн нэгэн адил боловсрол эзэмших эрхтэй бөгөөд зайлшгүй тэднийг боловсролд хамруулах шаардлагатай гэж үзэн хууль эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээ авсаар ирлээ. Үүний нэг тод жишээ бол Монгол улсын Боловсролын тухай хуулийн 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, тэдний сурах нөхцөлийг сайжруулах талаар тодорхой заалтуудыг тусгаж оруулсан. Үүнд:
·  Боловсролын тухай хуулийн 3.1.9-д "хөгжлийн бэрхшээлтэй суралцагч" гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс суралцах боломж нь хязгаарлагдсан суралцагчийг;
·  40.5-д Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 40.3-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;
· 42.1-д Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна;
· 43.2.7-д Суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих, өнчин, амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сурах нөхцөл бололцоогоор төрөөс хангах тухай тус тус тусгаж оруулсан билээ. 

Өнөөдөр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөн хэрэгжиж байгаа тэгш хамруулан сургах бодлого нь бүх нийтийн боловсролын талаарх Дакарын тунхаглал, зорилтууд, Саламанкагийн тунхаглалуудад тусгагдсан "боловсролын
үйлчилгээг нээлттэй, бүх хүүхдэд хүртээмжтэй, чанартай болгох "ыг эрхэмлэдэг.

Тэгш хамруулан сургах бодлогын үндсэн зарчмуудад: 
ü  Бүх хүүхдүүд суралцах чадвартай бөгөөд тэдний хэрэгцээг хангах сургалтын хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрөх
ü  Хүүхдийн суралцах явцад тохиолдох бэрхшээлийг хөнгөвчлөх, түүнийг даван туулахад туслах;
ü  Сургуульд болон сургуулиас гадуур (гэр бүл, нийгэм)  боловсрол эзэмших бололцоог нэмэгдүүлэх
ü   Бүх хүүхдийн хэрэгцээнд нийцүүлэн боловсролын үзэл хандлага, сургалтын орчин, багшийн сургалтын арга зүй,  харилцааг өөрчлөх
ü   Нийгмийн тэгш ойлголтын талаарх үндэсний соёл, уламжлалыг хөгжүүлэх асуудлууд ордог. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсролын эрхийн тусгай илтгэгч ноён Вернор Муноз 2009 оны 10 дугаар сарын эхээр Монгол улсын Засгийн газрын урилгаар тус улсад айлчлал хийсэн бөгөөд НҮБ-ын тусгай илтгэгчийн чиг үүргийн хүрээнд Монгол улс дахь боловсролын талаар буюу хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг үнэлэх анхны айлчлалаа хийсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр ноён Муноз Монгол улс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг соёрхон баталж нэгдэн орсноос хойш тус конвенцийг хэрэгжүүлэх талаар дорвитой ажил хийгдээгүй байгаа талаар дурдахын сацуу "Засгийн газрын зүгээс боловсролын үйлчилгээнд бүх хүүхдийг хамруулан сургах орчин бүрдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинг сайжруулах талаар бодитой анхаарал хандуулах хэрэгтэй" гэдгийг онцлон тэмдэглэсэн. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, тэдний зөрчигдөөд байгаа эрхийг хангахын тулд олон талт үйл ажиллагаа явуулах шаардлагатай болохыг амьдрал бидэнд харуулж байна. 

No comments:

Post a Comment