Tuesday, April 5, 2016

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөөлөл



Сурэн удахгүй 3 нас хүрнэ. Өглөө цэцэрлэгтээ явах цаг дөхөж байв. Өвлийн улирал тул гадаа хүйтэн гэж жигтэйхэн. Ээж нь гутлыг нь өмсгөх гэтэл Сүрэн тавиурт байсан зуны гутлаа ухасхийн авав. "Миний хүү гадаа хүйтэн байна, энэ гутлаа өмсөхгүй бол хөл нь хөлдөнө шүү дээ" гээд ээж нь учирлан, өвлийн гутлыг нь өмсгөх гэсэн боловч тэр "Энэ гоё гутлаа өмсөнө өө" гээд өөрөө өмсөх гэж оролдлоо. Ээж нь "Яасан үгэнд ордоггүй хүүхэд вэ чи, цаана чинь цаг боллоо" гээд түүний барьж байсан гутлыг шүүрч аваад өвлийн гутлыг нь хүчээр өмсгөв. Сүрэн шалан дээр хэвтээд орилон тийчилж гарлаа...
Иймэрхүү байдлаар хүүхэд зөрүүдэлдэг. Хүүхэд ер нь яагаад зөрүүдэлдэг юм бол? Хүүхдээ зөрүүдлэхэд яаж хандах вэ?

Хүүхэд яагаад зөрүүдэлдэг вэ?
Хүүхэд төрсний дараах хэдэн сардаа хүний аясаар, инээх үедээ инээгээд л хайр татсан хөөрхөн "амьтан" байна. Харин 10-12 сартайгаас эхлэн тэд авах гэсэн зүйлээ авч чадахгүй үедээ уурлаж, бухимдаж байгаа нь илт мэдэгдэнэ. Гэхдээ хөгжлийн энэ үед өөр зүйл үзүүлж харуулах, аргадах зэргээр тэднийг амархан тайвшруулж болно. Харин 2 нас хүрэх үеэс тэд жинхэнэ зөрүүдэлж эхэлнэ.
Энэ үеэс хүүхэл өөрийгөө бусдсюс ялгаатай, биө даасан, чөлөөтэй "би" гэлэг нэг хүн байна гэлгээ мэдрэн ойлгож, түүнээ хамгаалан бусдаас хамааралгүй шинэ хүн болохоо нотлохыг хичээнэ.
Тэдэнд мөн нэг талаас биеэ даахыг эрмэлзэх, нөгөө талаас ичих, эргэлзэх мэдрэмж төрнө. Өөрийн хүсэл, бодол санааг өөрийнхөө арга замаар хэрэгжүүлэхийн төлөө тэмцэнэ. Зөрүүдэлж муухай харна, дуугаа хураана, уйлна, тийчилнэ... Гэхдээ аливаа зүйлийн наад, цаад учрыг сайн ялгаж мэдэхгүй.
Энэ үеэс тэд эцэг эхээсээ, ялангуяа ээжээсээ хөндийрч, бие даасан байдалтай болж ирнэ. "Би өөрөө" гэх үг олонтоо сонсогдоно. Заримдаа "Би чадна гэж байхад чинь..." гэж бухимдана. Энэ нь тэдний эцэг эх болон бусдаас хараат бус байх эрмэлзэлтэй болж буйн илрэл юм. Хүүхдийн зөрүүдлэл 3 нас хүртэл үргэлжилнэ. Зарим хүүхэд 3 нас өнгөрсөн ч зөрүүдлэх нь бий. Гэхдээ хүүхэд бүрийн вөрүүдлэхдээ гаргаж буй зан авир адилгүй.
Тэдний зөрүүдлэх зан авир нэгдүгээрт хүүхдийн бусдаас хамааралгүй бие даан орших гэсэн үндсэн эрэлт хэрэгцээ, хоёрдугаарт сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж зохицуулах чадвар дутмагаас болдог ажээ.
Хүүхдэд хооллох, ундлах, ариун цэвэр сахих, халуун хүйтнээс сэргийлэх зэрэг бие махбодын үндсэн хэрэгцээнээс гадна сэтгэл санааны эрэлт хэрэгцээ байна. Энэ хэрэгцээг хангах нь бие махбодын эрэлт хэрэгцээг хангахаас дутуугүй ач холбогдол, шаардлагатай юм. Зөрүүд зан гаргах гол шалтгаан нь энэхүү сэтгэл санааны эрэлт хэрэгцээ хэрхэн хангагдаж байгаатай холбоотой. Хүүхдийн бие даасан хараат бус байх эрэлт хэрэгцээ бол ийнхүү сэтгэл санааны эрэлт хэрэгцээний нэг хэсэг ажээ.
Зөрүүдлэхийн утга, мөн чанар бол бодит амьдрал, тухайн тохиолдлын талаарх ойлголтын зөрүүгээс мөн үүдэлтэй. Морь гэж үзээд мордох гэтэл "Наад ширээнээсээ буу" гэх, өглөө гэж бодоод ухасхийтэл, "Шөнө боллоо, унт" гэх, Нандиа гэж санаад тоглох гэхэд "Болороо самардах", уйлах гэхнээ "Том болчихоод, чи" гэвэл хүүхдийн санаанд нийцэхгүй нь мэдээж. Иймд уйлаан майлаан, уур уцаарт тулахын өмнө "Энэ хүн ямар сэдлээр ийнхүү өөр байр суурьтай байна?" гэдгийг ойлгохыг хичээх хэрэгтэй юм. Ийнхүү цэгнэж үзвэл, тэр мэдээж, нураах, шатаах, салан тусгаарлах, дэлбэлэх санаа агуулаагүй нь тодорхой.
Хүүхдийн сэтгэл санааны үндсэн эрэлт хэрэгцээг эцэг эх хангаж байх шаардлагатай. Хүүхэд эцэг эхээсээ сэтгэлийн нандин холбоо харилцааг мэдэрвэл тэдний сэтгэл таатай, баяр баясгалантай байх бөгөөд энэ байдал нь орчноо сонирхон судалж, мэдэж авахад түлхэц өгөхөөс гадна сэтгэлийн хөдөлгөөнөө зөв жолоодон зохицуулж сурах суурь болно. Эцэг эх хүүхдийнхээ хараат бус, бие даасан байдлыг дэмжвэл тэдний чөлөөт байдал хангагдаж, сонголт хийх боломж нэмэгдэнэ.

Эцэг эхийн мэдвэл зохих зүйлс
“Гурван насны үед хүүхдийн дотоод шүүрлийн булчирхайн дааврын ялгаралтад өөрчлөлтүүд гардаг. Хүүхдийн хөгжлөөс үүдэлтэй энэхүү өөрчлөлт нь хүүхэд амархан ядрах, анхаарлын төвлөрөл нь алдагдах, тэсвэр хатуужилгүй байх зэрэгт хүчтэй нөлөөлдөг". Иймээс тэд тоглоомоо гүйцээлгүй орхих, тарааж бутраасан зүйлээ хураахгүй байх, энд тэндгүй гүйж харайх, тайван бус байх нь ажиглагддаг. Өөр нэг гол ажиглагддаг зүйл бол энэ насны хүүхэд инээж байснаа уйлах, уурлах, цохих, маажих зэргээр тэдний сэтгэл хөдлөл тогтворгүй болдог.
Хүүхдийн энэ бүх зан авир болон зөрүүллэлт бол хоёроос дөрөв орчим насны хүүхдэд байх ёстой хэвийн үзэгдэл гэдгийг томчууд бид хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрөөр хэлбэл зөрүүдлэнэ гэдэг бол хүүхдийн эрүүл саруул хөгжлийн нэгэн үе.
Хүүхэд зөрүүдлэх нь төвөгтэй, сайхан биш ч өөрт нь багагүй ач холбогдолтой байдаг ажээ. Тухайлбал,
ü  Хүүхдийн өөрийн гэсэн хүсэл, бодол хөгжиж эхэлнэ. Шийдвэр гаргах, сонголт хийх чадварын эх үүсвэр тавигдана.
ü  Ээжийгээ байнга хормойдохоо больж, бие дааж эхэлнэ.
ü  Амьдралд зөрчил тэмцэл байдаг, түүнийг зохицуулж шийдвэрлэж болдгийг мэдэрнэ.
ü  Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлнэ, энэ нь цаашдаа боловсронгуй болж дургүй зүйлээ үгээр илэрхийлэхэд хүргэнэ.
ü  Цаашдаа яаж харилцвал зохих талаар туршлага хуримтлуулна. Зөрүүдлэх насны үедээ л хүүхэд цаашдын амьдралд нь хэрэг болохуйц, бусадтай харилцах үндсэн туршлагуудыг хуримтлуулдаг.

Хүүхдээ зөрүүдэлвэл яах вэ?
Хүүхдийн зөрүүд зан авирыг хязгаарлахыг оролдох, шийтгэл хүлээлгэх нь ямар ч үр дүнгүй. Ингэсэн тохиолдолд үйл явц бүтэлгүй тал руугаа хазайж, асуудал улам хурцадна. Залуу эцэг эх төдийгүй туршлагатай эцэг эхчүүд ч барьц алдах тохиолдол цөөнгүй. Гэхдээ хүүхэд маань ийм муухай зан авиртай болчихно гэж санаа зовсны хэрэггүй. Уужуу тайван, хүлээцтэй хандахад хүүхдийн тань зөрүүд зан аяндаа алга болно. Хүүхэд тань зөрүүдлэх үед:
ü  Зөнд нь орхиод тайвширтал нь хүлээх, тэдэнд цаг хугацаа олгох
ü  Бие даах гэсэн чармайлтыг нь дэмжих, бие дааж хийх, оролдох, шийдэх боломжуудыг олгох
ü  Аав ээж нь хүүхдээ ямар байхыг хүсдэг тэр нь ямар ач холбогдолтой талаар хүүхэдтэйгээ ярилцах
ü  Хүүхдийнхээ зөрүүд зан хөдлөхөөс урьдчилан сэргийлэх. Хүүхэд маань ингэхээр зөрүүдэлнэ дээ гэсэн баримжаа танд бий болсон байгаа
ü  Хүүхэд зөрүүдлэх нь "үгүй", "болохгүй" гэсэн хоригтой байнга тулгарснаас эсэргүүцлээ илэрхийлж байгаагийн бас нэг илрэл байдаг тул та хориглоод байгаа зүйлээ зайлшгүй эсэхийг хянан үзэх

"Минийх"
Балчир насны хүүхэдтэй ажиллахад танаас их тэвчээр, зтгэлийн хүч шаардана. Тэд харснаа авах гэнэ, булаацалдана, уурлана, уйлна, юм болгонд хүрнэ, татна, асгана, шиднэ...

Яагаад бүгдийг "минийх" гэдэг вэ?
Тэд тойрон хүрээлж байгаа орчинтойгоо танилцах ээд цаг завгүй хөдөлнө. Гэр доторх тавилга хэрэгсэл, аяга таваг, сав суулга, гадаа бол цэцэг ургамал, салхи шуурга, бороо гээд тэдэнд бүх зүйл шинэ. Өөртөө тааралдсан бүхнийг зөвхөн "минийх" гэж ойлгоно. Өөртэй нь харилцагч юу бодож, ямар сэтгэгдэлтэй оайгааг тэд анзаарах сөхөө байхгүй, мэдэх ч үгүй. Мөн "би" гэж хэн бэ гэдгээ ч сайн мэдэхгүй явдаг.
Энэ үед хүүхэд тойрон хүрээлж буй орчноосоо өөрийгөө салган авч үзэж чаддаггүй бөгөөд бүх зүйлс өөртөө нь нэгдмэл нэг зүйл байна
Гадаа тоглоомын талбай, тэнд байгаа элс, чийгийн хорхой, гэрт нь байдаг тоглоом наадгай, ээжийнх нь гоо сайхны хэрэгсэл, ээж бол тэртэй тэргүй, бүгд "минийх" байна. Тэр "өөрийнх" нь юмнаас хэн нэгэн авах гэвэл эсэргүүцэл илэрхийлнэ. Ойрхон дүү дагуулсан хүүхэд дүүгээсээ мөөмөө, ээжээ харамлаж уйлаад хэцүү байдаг.
Ингээд тэд "би" гэж нэг хүн байна, өөрөөр хэлбэл өөрийгөө мэдэрч, таньж эхэлнэ. Гэхдээ хоёр хүртэлх насанд нь тэдэнд "чи", "чинийх" гэсэн ойлголт байхгүй. Бусдад тоглоом наадгай, эд зүйлсээ өгнө, буцааж авна, хамтарч дундаа хэрэглэнэ гэсэн ойлголт мөн үгүй. Ийнхүү өөрийгөө бүхний төвд тавьдаг, өөрийнхөөрөө зүтгэдэг нэгэн үе балчир насныханд байдаг.

Харилцаанд суралцах
Тэд аажмаар бусдын сэтгэлийн хөдөлгөөн ямар байгаа, өөрт нь хэрхэн ханддаг, мөн юуг хориглож, юуг зөвшөөрч байгааг мэдэрч эхэлнэ. Ийнхүү бусдаас өөрт нь ямар хариу үйлдэл ирж байгааг мэдэрдэг.

болсноор тэд бусадтай харилцах харилцаанд суралцаж эхэлнэ. Өөрөө бусадтай ямаршуу байдлаар харилцсанаа ч мэддэг болно. Жишээлбэл, өрж байгуулсан зүйлийг нь нураасан болохоор нөгөө хүүхэд нь гомдолтой байна гэдгийг мэднэ, эсвэл хажуу дахь хүүхэд нь уйлж эхэлбэл түүнийг өөрийн эрхгүй илж аргадна.

Хэрхэн харилцах вэ?

ü  Юуны өмнө ээж аав нар өөрсдөө тайван амгалан байх. Энэ бол хүүхэд бүрт байдаг хэвийн зан авир, хөгжлийнх нь нэгэн үе шат, балчир насныхны бие даан өөрийнхөө хүслийг хэрэгжүүлэх гэсэн оролдлогын илэрхийлэл
ü  Өөрийгөө болон хүүхдээ бухимдуулаад байхгүйн тулд өөрсдийнхөө хэрэглээний юмс, эвдэрч хэмхрэх зүйлийг хүүхдийн гар хүрэхгүй, харагдаад байхааргүй газар байрлуулах (Нэгэн аавын яриа: Хүү маань том болж дажгүй явдаг болсон. Харин гэрт байдаг юмнуудын байршил улам л дээшлээд байгаа даа)
ü  Энэ насанд хүүхэд өөрийгөө хамгаалж болгоомжлохоо мэдэхгүй тул тааралдсанаа барьж авна, татна, асгана. Иймд асгах, түлэгдэх, эвдэрч хагарах, үмхэж амандаа хийж болзошгүй жижиг сажиг зүйлсийг тэднээс хол байлгаж, хүүхэд чөлөөтэй хөдлөх, судлах орчин нөхцөлийг бүрдүүлэх
ü  Хамгийн дуртай тоглоом, хувцас, хэрэглэлээ өөрөө эзэмшин хэрэглэхийг нь хүлээн зөвшөөрөх
ü  "Энэ бол Билгүүний машин", "Энэ бол аавын ном, үзэг" гэх мэтээр хүний ба өөрийн эд зүйлсийг ялгадаг болоход нь туслах. Хүний юмыг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдрүүлэх.

"Болох", "болохгүй"-г ойлгуулах
Хүүхэд хорвоо ертөнцтэй танилцах, бусадтай харилцах явцдаа осол гэмтлээс өөрийгөө сэргийлэх аргад өдөр тутам бага багаар суралцсаар байдаг. Үүнд эцэг эхийн "болно" (за), "болохгүй" (үгүй) гэсэн үгс багагүй нөлөөтэй.
Тэгэхээр "Энэ маань нялх байна, юу мэдэх вэ дээ", "Жаахан том болоод юмны учир мэддэг болохоор нь л ..." гэсээр дөрөв, таван нас хүргэх үү? Аль эсвэл? "Болно" гэж зөвшөөрөх амархан. Харин "болохгүй"-г хэдий үеэс, яаж хэрэглэх вэ?
Хориг нь хүүхдийн сэргэлэн цовоо байдал, орчноо судлах, эзэмдэн танилцах эрмэлзэл, бие даасан байдлыг хязгаарладаг тул тунг нь маш сайн тааруулна. Тэгэхээр ээж аав нар "үгүй", "болохгүй" гэсэн үгсийг зөвхөн осол гэмтлээс сэргийлэх, цаашилбал этгээд зан авир гаргасан тохиолдолд л "эм" мэт болгоомжтой хэрэглэнэ.
Зарим хүүхэд "болохгүй" гэхээр шууд уйлж эхэлдэг. Энэ нь хориглолтыг хүүхэд зөрчилтэй, хүнд үйл явц гэж хүлээж авч байгаагийн илрэл юм. Мөн "болохгүй" гэхэд зарим хүүхэд анзаарахгүй, тоохгүй байдаг. Бага насны хүүхэд аливаад дасахдаа амархан. Тэгэхээр "болох", "болохгүй" - г хүүхэд "мэдээ орох", эдгээр үгсийн утгыг ойлгож эхлэх үеэс нь хэрэглэвэл хүүхэд түүнд амархан дасаж, хүндээр тусгаж авахгүйн дээр өөрөө хэрэгжүүлдэг болно.
Яаж хэрэгжүүлэх вэ?
ü  Дууны өнгө аяс чухал. Болохгүй/үгүй гэсэн үгийг хэлэхдээ уурлаж, уцаарласан өнгө аяс бүү дагалдуулаарай. Тодорхой, тууштайгаар "болохгүй" гээд хэлчихэд хүүхэд яах ёстойг мэднэ. Хүүхэд бага байх тутам яагаад хориглож байгаагийн цаад үр дагаврыг мэдээж ойлгохгүй. Гэхдээ л тэд "болохгүй" гэсэн заавраар өөрийн үйлдлийг зогсоох ёстой юм байна гэдгийг мэднэ. Жишээлбэл, халуун зуух руу ойртохгүй байх, цайгаа асгахгүй байх гэх мэт. Хэрэв та тэсэхгүй хүүхдэдээ уурласан бол битгий удаан хугацаагаар дуугаа хурааж, "духаараа" хараарай. Таны таатай харц, эелдэг үгс хүүхдэд төдийгүй танд ч хэрэгтэй. Үүнээс хүүхэд бараан үүлс, аянга цахилгаантай өдөр байхад нарлаг сайхан өдөр бас ирдгийг мэдэрнэ.
Монголчуудын уламжлалт зан заншилд болохгүйг ойлгуулах олон хорио цээр бий. Тухайлбал, нагацын дэргэд далны яс мөлжихгүй, чөмөг идвэл нусгай болно, ээжийгээ самардвал гар нь татуу болно, нохой мордвол өмд урагдана, хоолоо асгавал буянаа барна зэрэг хориг нь илэрхий дам утгатай юм. Өөрөөр хэлбэл эдгээр нь ёрын ёгт утгатай гэсэн хэрэг. Гэтэл ёрын ёгт утга байна гэдэг бол үзэгдэл, үйл болон тэдгээрээс бий болох үр дүнгийн хооронд бодит хамаарал байгааг харуулна. Ийм юм гэж хаа байх вэ гэж томчууд өөрсдөө ч эргэлздэг нь үнэн. Гэтэл энэхүү тайлбарлах эцэсгүй дам утгад хүүхдүүд шууд итгэн үнэмшдэг нь гайхалтай. Айхтар чанга унаад өвдгөө шалбалсан тэр минь "Миний хүү зүгээр, түй түй" гэж домнонгуут ухасхийн дэгдсээр алга болдог. Харин бид л өөрснөө гайхан эргэлзэж, 'Энэ чинь, нээрээ...?" гэсэн шүү юм бодоод хоцордог.
ü  Учирлан тайлбарлах. Хүүхэд хоёр хагас, гурав хүртлээ хүмүүсийн сайн, муу харилцааг тэр бүр сайн ялгаж мэддэггүй. Ихэнх тохиолдолд өөрийн хяналтгүйгээр аливааг дагаж гүйцэтгэнэ. Иймд та хүүхдийнхээ хийсэн болохгүй зүйлд уурлалгүй, харин яагаад "болохгүй" вэ гэдгийг учрыг байнга тайлбарлаж (жишээлбэл, яагаад хүүхэд рүү чулуу шидэж болохгүй тухай) өгөх хэрэгтэй. Ингэвэл хүүхэд тань таны хэлсэн үгийг мартахгүй. Таны зөв тайлбар алсдаа хүүхэд тань үг, үйлийн учрыг олох, зөв, бурууг ялгаж сурахад анхны суурь болно.
ü  Тууштай байх. Өнөөдөр "болохгүй" гээд хориглосон зүйлдээ маргааш нь "за, яасан ч яахав" гэсэн байдалтай хандвал хүүхэд түүнийг андахгүй. Манай эцэг эхчүүд энэ тал дээр гол алдаа гаргадаг. Ийм байдал олон давтагдвал яваандаа хүүхэд таны хэлсэн, шаардсан зүйлийг заавал биелүүлэх шаардлагагүй юм байна гэж ойлгоно. Мөн байнгын хориглолт хүүхдийн урмыг хугалж, тэднийг идэвх сонирхолгүй болгоно. Тэгэхээр болохгүй, үгүй гэсэн үгийг хэрэглэх, хэрэглэхгүйн дэнсийг зөв тааруулах хэрэгтэй.
ü  Хүүхдэдээ хайртай гэдгээ мэдруулэх. Та "болохгүй" гэж хэлж байгаа ч хүүхдэдээ хайртай байгаа гэдгээ мэдрүүлэхийг хичээгээрэй. "Болохгүй" гэж байгаа нь өөрт нь болон бусдад муу юм болохоос сэргийлж байгааг тайлбарлаж ойлгуулаарай. Ер нь хүүхэдтэйгээ бага гэхгүй байнга ярилцаж байх нь олон талын ач холбогдолтой.

No comments:

Post a Comment