Хөгжлийн бэрхшээл
гэж юу вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ?
Хөгжлийн бэрхшээлийн тухай,
хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хэнийг хэлэх талаар бидний ойлголт цаг хугацааны
явцад нэлээд хувьсан өөрчлөгджээ.
Үйл ажиллагаа, Хөгжлийн бэрхшээл, Эрүүл мэндийн
олон улсын ангилал: Хүүхэд залуучуудын хувилбар (англиар International
Classification of Functioning, Disability and Health: Children and Youth
Version буюу ICF-CY)
нэртэй баримт бичигт хөгжлийн бэрхшээлийг цэвэр
биологийн юмуу нийгмийн талаас нь харах хандлагаас татгалзаж, харин эрүүл
мэндийн байдал, орчин, хувь хүний хүчин зүйлсийн харилцан үйлчлэл гэж үзжээ. Хөгжлийн
бэрхшээл нь дараах гурван түвшинд илэрч болох ба үүнд:
ü Биеийн махбодын үйл ажиллагаа
юмуу бүтцийн согог (жишээлбэл, гэрэл нэвтрэх, эд зүйлсийн хэлбэр дүрс, хэмжээг
мэдрэхэд саад болдог нүдний болор цайх өөрчлөлт)
ü Үйл хөдлөлийн хязгаарлалт
(жишээлбэл, юм унших, бие дааж явах чадваргүй байх)
ü Оролцооны хязгаарлалт (жишээлбэл,
сургууль завсардах) зэрэг багтана.
Хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрхийн тухайн конвенцид “Хөгжлийн
бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбод, сэтгэл мэдрэл, оюун санаа, мэдрэхүйн
байнгын согогтой бөгөөд уг согог нь янз бүрийн саад тотгортой нийлсний улмаас
бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад
учруулахуйц болсон хүнийг багтааж ойлгоно” гэжээ.
Зарим хүүхэд
төрөлхийн эрүүл мэндийн байдал, согогийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй байдаг бол
зарим нь гэмтэл бэртэл, өвчин, хоол тэжээлийн дутагдал зэргээс хөгжлийн
бэрхшээлтэй болдог.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоонд тархины саажилт, нугасны
ивэрхий, булчингийн сулрал, нуруу нугасны гэмтэл, Дауны синдром, мөн хараа,
сонсгол, бие махбод, харилцааны болон оюун ухааны согог зэрэг эрүүл мэндийн
нөхцөл байдалтай хүүхэд багтана.Зарим хүүхэд нэг төрлийн хөгжлийн бэрхшээлтэй
байхад зарим нь хэд хэдэн хавсарсан бэрхшээлтэй байна. Жишээлбэл, тархины саажилттай
хүүхэд хөдөлгөөний, харилцааны, оюун ухааны согогтой байх
магадлалтай.Хүүхдийн эрүүл мэндийн байдал, согог, орчны болон хувийн хүчин
зүйлсийн нарийн ээдрээтэй харилцан үйлчлэлийн нөлөөгөөр хүүхэд бүр хөгжлийн
бэрхшээлийг өөр өөрөөр мэдрэн, туулдаг билээ.
Хөгжлийн хоцрогдолтой
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг илрүүлж тодорхойлох нь бодлого боловсруулалт,
стратеги төлөвлөлт, үйлчилгээ хүргэлтэд чухал ч хүүхэд өөрийгөө хөгжлийн
бэрхшээлтэй гэж тэр бүр боддоггүйг ойлгох нь нэн чухал юм.Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй
хүүхэдтэй ажиллахад сайтар тохируулсан аргачлал нэн шаардлагатай.Хүүхдийг
зөвхөн эрүүл мэндийн нөхцөл байдлаар нь бүлэглэх, ангилахаас аль болох
зайлсхийх хэрэгтэй.Тэд юуны өмнө хүүхэд бөгөөд гэр бүл, найз нөхдийнхөө хэвийн
амьдрал, үйл ажиллагаанд оролцохыг л хүсдэг.
Хөгжлийн
бэрхшээлтэй хэдэн хүүхэд байна вэ?
ДЭМБ болон Дэлхийн
банкны судалгаагаар нэг тэрбум гаруй хүн ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй байгаа
нь дэлхийн хүн амын 15 хувь юм.Эдгээрээс 110- 190 сая (2.2-3.8 хувь) нь үйл
ажиллагааны ноцтой хязгаарлалттай насанд хүрэгчид байна.
Одоогийн байдлаар
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог бодитойгоор гаргасан баталгаатай, найдвартай
эх сурвалж байхгүй байна. Хүүхэд насанд тохиолдож буй хөгжлийн
бэрхшээлийн тухайд хоорондоо хол зөрүүтэй тооцоо гарч байгаа нь судалгаанд
ялгаатай тодорхойлолт, олон янзын аргачлал, хэрэглэгдэхүүн ашиглаж байгаатай
холбоотой ажээ. Хүн
амын тооллого, өрхийн судалгааны аргачлалаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг
илрүүлэх боломжгүй, бага, дунд орлоготой ихэнх улс (БДОУ)-д бүртгэлийн
найдвартай систем байхгүй, соёлын онцлогийг харгалзсан оношилгоо, эмчилгээ
хүртээмжгүй байгаа зэргээс болж хөгжлийн бэрхшээл дутуу бүртгэгдэж байх бүрэн магадлалтай.
Улмаар хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдийг олж илрүүлээгүй, шаардлагатай үйлчилгээнд
хамруулаагүй байх магадлалтай.
Хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэд ямар эрхтэй вэ?
Хүүхдийн эрхийн тухай
конвенц нь дэлхий ертөнцийн бүх хүүхэд, тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
хамаатай.Тус Конвенц нь эсэн мэнд амьдрах; бүрэн дүүрэн хөгжих; аливаа хортой
нөлөөлөл, хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалагдах; гэр бүл, нийгэм, соёлын
амьдралд бүрэн дүүрэн оролцох зэрэг газар бүрийн хүүхдийн эдлэх хүний үндсэн
эрхийг тусгасан байдаг.Уг Конвенцид мөн гэр бүлд тусламж, дэмжлэг үзүүлэх нь чухал
болохыг хүлээн зөвшөөрчээ. Конвенцийн хоёр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн талаар тусгайлан дурдсан нь үл гадуурхах ойлголтын үндсэн зарчмуудыг
тайлбарлан, хөгжлийн бэрхшээл
бол ялгаварлан гадуурхалтаас хамгаалагдах үндэс мөн гэж тунхагласан 2 дугаар
зүйл; мөн эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын зүгээс гаргах хүчин
чармайлтыг онцолсон 23 дугаар зүйл зэрэг болно.
Бага насны
хүүхдийн хөгжил ба хөгжлийн бэрхшээл
Хүүхдийн хөгжил гэдэг
бол үйл ажиллагааны бүхий л чиглэлд асран хамгаалагчаас бүрэн хараат байх нярай
үеэс өсөн бойжихийн хэрээр бие дааж эхлэн (бага сургуулийн насандаа), цаашид
улам бүр бие даах өсвөр үеэр дамжин насанд хүртэлх идэвхтэй, динамик үйл явц
юм.Энэ хооронд хүүхдэд уялдаа холбоотой хэд хэдэн чиглэлийн ур чадвар төлөвшин
суудаг бөгөөд эдгээрийг мэдрэхүй-хөдөлгөөний, танин мэдэхүйн, харилцааны,
нийгмийн харилцаа-сэтгэл хөдлөлийн чиглэл гэж ангилж үздэг.Чиглэл тус бүрээр
хүүхдийн хөгжил нь цуврал үе шат буюу алхмаар явагддаг бөгөөд ерөнхийдөө нарийн
төвөгтэй ур чадвар эзэмшихийн өмнө хүүхэд эхлээд энгийн ур чадварт суралцах
дарааллаар хөгжил явагдана.Ур чадвар эзэмших, ур чадвараа хөгжүүлэх энэ үйл
явцад хүүхэд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүүхдийн хөгжилд мөн
орчинтойгоо харилцсанаар олж авч буй туршлага нь нөлөөлдөг байна.
ХАЙРЦАГ 1: БАГА
НАСТАЙ ХОЛБООТОЙ НЭР ТОМЬЁО
Бага нас: Бага нас гэж төрөхөөс өмнөх буюу
ургийн үеэс найман нас хүртэлх хугацааг хамарсан ойлголт юм.Хүний насан туршийн
амьдралыг авч үзвэл энэ бол тархины хамгийн эрчимтэй хөгжлийн үе бөгөөд тийм ч
учраас хүний хөгжлийн хамгийн чухал үе шат юм.Ургийн хөгжлийн үе болон
амьдралын эхний хэдэн жилд тохиолдох зүйлс нь хүний эрүүл мэндийн байдал,
нийгмийн амьдралын чадамжид хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг байна.Хэдийгээр
удамшлын хүчин зүйлс нь хүүхдийн хөгжлийн явцад тодорхой нөлөө үзүүлдэг ч бага
насанд хүүхдийн хөгжилд хүрээлэн буй орчин нь хамгаас илүү нөлөөлдөг болохыг
харуулсан нотолгоо нэмэгдсээр байна.
Бага насны
хүүхдийн хөгжил:
Бага насны
хүүхдийн хөгжил (БНХХ) гэдэг нь хүүхдийн танин мэдэхүй, нийгмийн харилцаа,
сэтгэл хөдлөл, бие махбодын хөгжлийг нэгтгэн
хамруулсан ерөнхий нэр томьёо юм.Бага насны хүүхдийн хөгжих, юм сурах чадавхыг
нэмэгдүүлэх эцсийн зорилгод чиглэсэн хүүхэд, гэр бүл, орон нутгийн гээд янз
бүрийн түвшний, мөн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал гээд олон
салбарын хөтөлбөрүүдийн нэр, тайлбарт энэ нэр томьёог их ашигладаг.
Хөгжлийн
хоцрогдол:
Хөгжлийн
хоцрогдол гэдэг нь бодит юмуу дүйцүүлсэн насныхаа түвшинд тохирсон хөгжлийн
үзүүлэлтээс гүйцэтгэлээрээ нэлээд хоцорч яваа хүүхдэд хамаатай ойлголт юм.Хөнгөн,
дунд, хүнд түвшний байж болох хөгжлийн хоцрогдлыг хэмжин тогтоохдоо баталгаатай
хөгжлийн үнэлгээнүүдийг ашигладаг. Хөгжлийн хоцрогдлын шалтгаан нь
жирэмсний болон төрөх үед илэрсэн хүчин зүйлс, хөгжлийг нь өдөөх, дэмжих
дэмжлэг дутагдах, хоол тэжээлийн дутагдал, архаг өвчин эмгэг болон бусад эд
эрхтний эмгэг, сэтгэл зүйн болон гэр бүлийн нөхцөл байдал, орчны бусад хүчин
зүйлс болж болно.Хөгжлийн хоцрогдол нь түр зуурын шинжтэй байж болох ч энэ нь
хөгжлийн бэрхшээлтэй болох магадлалтай хүүхдийг илрүүлэхэд ашиглах суурь
үзүүлэлт болдог.Үүнээс харахад, хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг урьдчилан
сэргийлэх, шинээр бий болж байгаа ур чадваруудыг өдөөж хөгжүүлэх, хүүхдийг
дэмжиж, хамгаалахад илүүтэй анхаарсан орчин, нөхцөл бий болгох нэмэлт
үйлчилгээнүүдийг гэр бүл, эцэг эхийн тусламжтайгаар аль болох эрт эхлүүлэх нь
нэн чухал юм.
Бага насны
хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ: Бага
насны хүүхдийн хөгжлийг дэмжих (БНХХД) хөтөлбөр нь хөгжлөөр хоцрох эрсдэлтэй,
эсвэл хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон бага
насны хүүхдийг дэмжин хөгжүүлэх зорилгоор боловсруулагдан, хэрэгждэг.БНХХД
тогтолцоонд хүүхдийн өөрийнх нь хөгжил, дасан зохицох болон ачаалал даах чадварыг
дэмжих, улам нэмэгдүүлэх, гэр бүлийн чадамжуудыг нэмэгдүүлэх, гэр бүл, хүүхдийн
нийгмийн оролцоог дэмжих зэрэг чиглэлтэй төрөл бүрийн дэмжлэг, үйлчилгээ
багтана.Жишээлбэл, эмнэлэг; сэргээн засах (тухайлбал, засал, туслах тоног
төхөөрөмж) зэрэг төрөлжсөн үйлчилгээ; гэр бүлийг бүхэлд нь хамруулсан тусламж,
дэмжлэг (жишээлбэл, сургалт, зөвлөгөө); нийгмийн харилцааны болон сэтгэл зүйн
дэмжлэг; төлөвлөлт, зохицуулалт бүхий тусгай боловсрол; цэцэрлэг, хүүхэд харах
болон өдөр өнжүүлэх гэх мэт нийтийн үйлчилгээнд хамрагдахад нь туслах
(жишээлбэл, холбон зуучлах замаар) зэрэг зорилтот үйл ажиллагаа
болно.Үйлчилгээг эрүүл мэндийн төв, эмнэлэг, эрт үеийн илрүүлэлт болон
үйлчилгээний төв, сэргээн засалтын төв, орон нутгийн олон нийтийн төв, айл гэр,
сургууль гээд янз бүрийн орчинд хүргэж болно.
Хүүхдийн хөгжилд
ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?
Хүүхдийн хөгжилд
биологийн болон орчны олон хүчин зүйл нөлөөлж байдгийн зарим нь хамгаалж,
хөгжлийг нь дэмжин сайжруулах нөлөөтэй байдаг бол зарим нь хүүхдийн хөгжлийг
саатуулах нөлөө үзүүлдэг байна.Бага насандаа хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд
ядуурал; ялгаварлан гадуурхалт, сөрөг хандлага; асран хамгаалагчийн зүгээс
дэмжлэг дутах; асрамжийн газар өсөх; хүчирхийлэл, дарамт, үл хайхралтад өртөх;
өөрт нь хэрэгтэй хөтөлбөр, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй үлдэх зэрэг эрсдэлд
бусад хүүхдээс хамаагүй илүүтэй өртөх магадлалтай бөгөөд эдгээр нь хүүхдийн
эсэн мэнд өсөн бойжих, хөгжихөд чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлс юм.
Ядуурал
Хөгжлийн бэрхшээл
ямар ч гэр бүлд тохиолдож болох ч ядуурал болон хөгжлийн бэрхшээл хоорондоо
хүчтэй харилцан холбоотой байдаг ажээ.Ядуурал нь хөгжлийн бэрхшээлтэй болох
эрсдэлийг нэмэгдүүлж болохын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлээс үүсэх үр дагавар ч
болж болно.
Ядуу амьдралтай
жирэмсэн эмэгтэй эрүүл мэндийн доройтол, хоол тэжээлийн дутагдал, хортой
бодисын нөлөө, орчны бохирдолтод өртөх магадлалтай бөгөөд энэ нь ургийн хөгжилд
шууд нөлөөлнө.Ядуу амьдралтай хүүхдүүд олон янзын эрсдэлд өртөж байдаг тул
нийгэм, эдийн засгийн илүү таатай нөхцөлд байгаа үе тэнгийнхнийгээ бодвол
хөгжлийн хоцрогдолтой болох эрсдэл нь өндөр байдаг.Тэд хоол тэжээлийн дутагдалд
орох; ариун цэвэр, эрүүл ахуйн таагүй нөхцөлд амьдрах; халдвар авах, өвчлөх
нөхцөл үүсэх; эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх; орон сууцны нөхцөл
муу, зарим нь орон гэргүй; асрамж, арчилгаа дутагдах; хүчирхийлэл, мөлжлөг, үл
хайхралтад өртөх; сэтгэл санааны хямрал, дарамтын улмаас ээж нь хангалттай
анхаарал халамж тавьж чадахгүй байх; асрамжийн газар өсөх; хөгжлийг нь дэмжиж
өдөөх сэдэл, орчин дутагдах зэрэг эрсдэлд өртөж байдаг.
Мөн бусадтай
харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд нийгэм, эдийн засгийн
хүндрэл, бэрхшээл тулгарах нь элбэг. Хөгжлийн
бэрхшээл бол өрхийн түвшний ядуурлыг даамжруулах магадлалтай хүчин зүйл юм.Учир
нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асаргаа халамж үзүүлэхийн тулд эцэг эх нь
орлого олоход зарцуулах цагаа багасгах, ах эгч, дүүг нь сургуулиас гаргах
шаардлага тулгарч мэдэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлийн улмаас үүсэх эрүүл
мэнд, тээврийн зэрэг нэмэлт зардлыг гэр бүл өөрөө зохицуулах шаардлагатай
болдог.
No comments:
Post a Comment