Wednesday, April 6, 2016

Хүүхдийн бэлгийн хүмүүжил боловсрол



Хүүхдэд багаас нь хүний биеийн бүтцийн тухай ойлголт өгөх, тэрээр өөрийнхөө бие махбодийг мэддэг болгох, хүйс, хүйсийн үүрэг, бэлгийн эрүүл ахуй, биеэ арчлах, өсвөр насны үед хүний биед ямар өөрчлөлт гардаг, бэлгийн амьдрал, үерхэл нөхөрлөл, өвчин эмгэгийн тухай зохих мэдлэгтэй болгох шаардлага нэмэгдсээр байна.
Хүүхдийнхээ бэлэг эрхтний ариун цэвэр болон бэлгийн хүмүүжлийнх нь асуудалд олон эцэг эх санаа нь зовж явдаг билээ. Энэ нь ч аргагүй юм: бэлэг эрхтний арьс болон салст маш нимгэн, эмзэг учраас бохиртсон тохиолдолд өрөвсөх дуртайгаас гадна салст нь нянгийн дайралтанд өртөмтгэй байдаг. Мөн хүүхдүүд өсч бойжих явцдаа өөрийнхөө “нууц” эрхтнийг улам анхааран сонирхож, хоорондоо ярилцаж эхэлдэг учраас хүүхдийн минь толгойд буруу бодол орчих вий гэж эцэг эхийн сэтгэл зовних.
Хэрэв томчууд бид зөвөөр хандах юм бол энэ асуудал амархан шийдэгдэх боломжтой. Гагцхүү хүүхэдтэйгээ өөрийн туршлагаасаа хуваалцаж, бэлэг эрхтний ариун цэврийн асуудал нь амны хөндий болон биеийн бусад хэсгийн ариун цэврийн асуудлаас ялгарах юмгүй яг л ижил асуудал гэдгийг ойлгуулж өгөхөд л болоод явчих юм шүү дээ.
Бага насны хүүхдээ эцэг эх нь өөрөө усанд оруулж биеийг нь угааж өгдөг бөгөөд бэлэг эрхтнийг нь болгоомжтой зөөлнөөр, савангүй усаар угаахад л хангалттай.
Хүүхэд том болохынхоо хэрээр өөрөө өөрийгөө арчилж эхлэх үед нь бэлэг эрхтний ариун цэврийн дүрмийг хэлж ойлгуулж өгөх хэрэгтэй юм, яг л шүдээ яаж угаахыг зааж өгч байсан шигээ. Нян хуран цугларч удахаараа эвгүй үнэр гаргадгийг тайлбарлаж өгөн эхлээд бэлэг эрхтнээ, дараа нь анусаа цэвэр алчуураар байнга угааж байвал чамаас муухай үнэр гарахгүй гэх зэргээр өдөр тутмын амьдралын бусад дэг дүрмийг тайлбарлаж өгдөг шигээ /гудамжинд биеэ авч явах, зам гарах дүрэм г.м./ хэлээд заагаад өгөхөд хүүхэд үүнийг амархан хүлээж авч, бүх хүн ингэдэг юм байна гэдгийг ойлгоод ээж аавынхаа хэлснийг даган биелүүлнэ.
Эрэгтэй хүүхдийн пенисны толгой болон нугалаас нэг их анхаарал татдаггүй ч, хэрэв ямар нэгэн таагүй байдал илэрвэл ээж аавдаа хэлээрэй гэж захихад илүүдэхгүй. Охидын хувьд ч ялгаагүй. Бэлэг эрхтэн бол биеийн нэг хэсэг л болохоос ярьж болдоггүй ичмээр эрхтэн биш гэдгийг багаас нь ойлгуулваас хүүхэд чинь бэлэг эрхтнийхээ тухай ярихаас айх ичих зүйлгүй болдог. Бэлэг эрхтнийг цэвэр байлгаж, шаардлагагүйгээр гар хүрэхгүй байхад л  өвчлөхгүй эрүүл байх боломжтой. Бохир гараа амандаа хийдэггүйтэй адил бэлэг эрхтнээ бохир гараараа барьж  болохгүй гэдгийг хүүхэддээ хэлэх хэрэгтэй.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “муухай сэдвээр” яриа болох нь элбэг байдаг. Хүүхдүүд томчуудын бохир наргиаг сонсож суралцдаг. Хэрэг дээр бол ийм наргианд биш, харин үүнд хандах хандлагад л сурч байгаа хэрэг. Хүүхдээсээ иймэрхүү, томчуудаас сурсан зүйл сонсвол тайвнаар хандах нь чухал. Бүдүүлэг бохир, хүмүүжилгүй хүмүүс л бусдыг хатгахын тулд ийм үг хэллэг хэрэглэдэг гэж хэлэхэд хангалттай.  Хэрэв хүүхэд чинь манай байрны нэг хүүхэд миний боовыг тийм ийм гэж хэлсэн гээд ирвэл “миний хүү, ийм зүйлийг анхаарч хэрэггүй, миний хүүгийн боов зүв зүгээр юм чинь тэрний юу гэх ямар хамаа байх вэ, хэрэв чи эмзэглээд байх юм бол үнэхээрийн асуудалтай юм байна гэж ойлгогдоно, тиймээс тоохгүй байвал хүүхдүүд дахиж чамаар оролдохоо больчихно” гэх мэтээр хэлбэл зүйтэй. Ер нь, хүний биений хэлбэр галбир, бүх эд эрхтэн байгаль ээжээс заяагдсан, байх ёстой зүйл учраас ичих зүйл огт байхгүй гэдгийг ойлгуулах нь чухал. Үүнийг ойлгосон хүүхэд нийтийн халуун усанд орох, эмчийн үзлэгт орох зэрэгтээ ичиж эвгүйрэхгүй байж чаддаг.



No comments:

Post a Comment