Tuesday, April 5, 2016

Гэр бүл салалт



Хүүхдэд ээж аав хоёулаа хэрэгтэй
Гэр бүл салахад хамгийн их хохирдог, хямардаг хүмүүс бол хүүхэд. Хүүхэд бүр аав ээжийнхээ хайрыг адил тэгш хүртэхийг хүсдэг, өөрөө ч аав ээж хоёртоо эн тэнцүү хайртай байдаг. Гэр бүл салсан ч эцэг эх, хүүхдийн тэрхүү хайр халамж, нарийн нандин холбоо харилцаа тасрах учиргүй юм.
Манайд гэр бүл салсны дараа хүүхэд ээж эсвэл аавтайгаа адил тэгш холбоо харилцаатай байх нь ховор. Энэ нь хүүхдээ өөр дээрээ авсан нэг нь түүнийг ганцаар "өмчлөн" салаад явсан аав/ээжтэй нь уулзуулахаас татгалзаж, аминдаа "өшөө хорслоо" авч байгаатай голдуу холбоотой. Ингээд хүүхэд эцэг эсвэл эхээсээ хөндийрч, ээж, аав гэж намайг адилхан хайрлах ёстой хоёр хүн байгаа гэдгийг бараг мартахад хүрдэг. Хүүхдээ өөр дээрээ авсан эцэг/эх нь энэхүү үйлдлээрээ хүүхдээ сэтгэл зүйн хувьд тамлан зовоож байгаа гэдгээ харамсалтай нь ер ухамсарладаггүй. Хүүхдээ орхиход хүрсэн эцэг/эхийн хувьд хүнд хувь заяа боловч өшөө авч байгаа нөгөө ээж юм уу аавын хувьд гол хохирогч нь салсан хүн нь бус, харин хүүхэд болдог.
Хүүхдийг ач тач үзэлцэх хоёрын дундах тоглоомын бөмбөг болгож хэзээ ч болохгүй, аль нэгийнх нь талд орж байж, нөгөөхтэй нь харилцдаг байдалд хүргэж бүр ч болохгүй.
Эцэг эхийнх нь аль нэгний сул талыг харуулсан үйлдэл, мэдээлэлтэй тулгарахад хүүхэд үүнийг өөрийнхөөрөө л ухаарах ёстой. Түүнээс биш хүүхдийнхээ тархийг эргүүлж, өөртөө татах гэх нь явуургүй ажил.
Салсан ч гэсэн аль аль нь хүүхдийнхээ сайн аав/ээж байхыг хичээх нь эцэг эхчүүдийн үүрэг. Иймд эцэг эх, ялангуяа салаад явсан нь хүүхэдтэйгээ өнгөрөөж буй цагаа аль болох үр ашигтай байлгах, хүүхдэдээ ямар их хайртай, хариуцлагаа хэчнээн их ухамсарладаг, асуудалд хэр бодитой ханддагаа л харуулах хэрэгтэй.

Бага насныхны мэдрэмж, илэрхийлэл
Бага насныханд эцэг эхийн салалт хэрхэн нөлөөлж байгаа нь мэдрэгддэг. Нялх хүүхэд бол аавыгаа салаад явчихсаныг нэг их мэдэхгүй. Харин салалтын үеийн ээжийнх нь сэтгэл санааны хямрал түүнд нөлөөлөх, мөн ээж нь асуудлаа давж гарах үүднээс хүүхдэдээ тавих анхаарал, асаргаа халамжаа сулруулах зэрэг муу талууд гарч болзошгүй. Үүнээс үүдэн хүүхдэд заримдаа нойр, хоолондоо муу байх, цочромтгой, тайван бус болох зэрэг шинж ажиглагддаг. Хоёр хүртэлх насны хүүхдийг нэг хүн тогтмол асарч хамгаалдаг бол түүндээ илүү дотносдог бөгөөд шинэ аав/ээжтэй болоход нэг их төвөггүй дасдаг. Танин мэдэхүйн чадварынхаа хэр хэмжээнээс болоод тэд яагаад аав, ээжийнх нь нэг нь ирэхгүй байгаагийн учир шалтгааныг нарийн ойлгох боломжгүй байдаг. Тэд хамтран тоглогч болон ах/эгч, дүүтэйгээ муудалцаад төдөлгүй эвлэрчихдэг. Тэдэнд мөн цаг хугацааны тухай ойлголт төлөвшөөгүй байдаг тул эцэг эх нь өмнө нь ч удаан хугацаанд зөрчилтэй явсан гэдгийг ойлгохгүй. Тэгээд гол бурууг өөртэйгөө холбон авч үздэг. Заримдаа салсан аав ээж нь хамтдаа байгаа гэж төсөөлөн бодно, түүнийгээ үнэн мэтээр багшдаа, хүүхдүүдэд ярина, тоглоомдоо илэрхийлнэ.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн олонх нь ээж аав нь салахад ихээхэн айдастай тулгардаг. Үлдсэн аав, ээж нь бас орхиод явчих бий гэж айна. Энэ айдсаасаа болоод зарим хүүхэд бүүр нялхамсан, нялх хүүхэд шиг асарч хамгаалуулахыг хүсэх нь ч бий. Жишээлбэл, орондоо шээх, хоолондоо дургүйцэх, нойрондоо муудах гэх мэт. Үүнийг нь асарч хамгаалж хоцорсон ээж/аав нь ойлгохгүй уурлаж, загнаж улам даамжруулах тохиолдол ч гардаг. Зарим хүүхэд эцэг эхээ салсны дараа уймрах, зөрүүдлэх, уйлах, уурлаж бусдад түрэмгий хандах, гутарч гуних зэрэг зан авир гаргадаг. Зарим нь бусадтай харилцахдаа дургүй, идэвхгүй болох нь ч бий. Эдгээр нь хүүхдийн тоглох үйлд түгээмэл ажиглагддаг. Жишээлбэл, тэд бусадтай тоглохдоо идэвхгүй, голдуу ажиглагчийн байр сууринаас хандах, анхаарал нь төвлөрөхгүй байх, тэсвэр тэвчээргүй болох гэх мэт.

Хүүхдэдээ зөв ойлгуулах
Салахдаа тулсан эцэг эхэд шийдэж чадахгүй ноцтой нэг асуудал гарч ирдэг. Хүүхэд маань бид хоёрын хооронд юу болоод буйг ойлгох болов уу, үүнийг ойлгоход хэтэрхий нялх ч юм уу гэсэн бодол зовооно. Ингээд гэр бүлийн амьдралд ямар өерчлөлт гарах вэ, түүнд минь энэ бүхэн хэрхэн нөлөөлөх бол, яаж түүнийг үүнд бэлдэх вэ гэсэн асуултууд хөвөрнө. Салалт бол гэр бүлийн амьдралын хамгийн хүнд үе. Ийм шийдвэр зүгээр гэнэт гараад ирнэ гэж үгүй, зөрчил тэмцэл хурцадсаар үүнд хүрдэг. Хүүхэд энэ бүхний гадуур өнгөрнө гэж байхгүй, харин ч бүр галын шугамын тэргүүн эгнээнд орчихсон байх нь олонтоо, үгүй ядаж л аль нэг нь хүүхдээрээ бамбай хийх нь элбэг. Хүүхдийн хувьд мэддэг, дассан ертөнц нь сүйрч буй хэрэг юм.
Эцэг эх нь энэ үеддайсагналцах, уур хилэн нь бадрах, сэтгэлээр унах, цөхөрч арга мухардах гэх мэтээр маш олон янзын ааш араншин үзүүлэх ба энэ бүхнийг мэдээж хүүхэд өөрийнхөөрөө хүлээн авна. Эцэг эхийнх нь хооронд юу болоод буйг ойлгох нь түүнд үнэхээр хэцүү. Хүүхдийн сэтгэл үймэрч, янз бүрийн бодол орж ирэх ба тухайлбал өөрөө ямар нэг үйлдэл буруу хийснээс эцэг эхээ хэрэлдүүлж, өөрөөр хэлбэл энэ салалтын буруутан нь мэтээр өөрийгөө буруутгах ч энүүхэнд.
Иймд салахаасаа өмнө хүүхдэдээ хандаж тайлбар хийх нь зүйтэй юм. "Бидний маргаан чамаас болоогүй шүү, хүү/охин минь. Бид чамайгаа хоёулаа л хайрладаг" гээд л хэлчихэд юу нь төвөгтэй байх вэ дээ. Чамаас болоогүй юм шүү гэдгээ та хоёр хэдий чинээ эрт тайлбарлаж өгнө, төдий чинээ эрт хүүхэд тань эцэг эхийнхээ салалтад өөрийгөө буруутган, сэтгэл санаагаа зовоохгүй байх болно. Салалтад хүүхдийн буруу байхгүй.

Нэгэнт шийдсэн бол
Нэгэнт л хоёр биеэ хайрлахгүй, салахаар шийдсэн бол бие биеэсээ салж байгаа болохоос биш хүүхэд ээж юм уу ааваасаа салж байгаа хэрэг биш гэдгийг аль аль нь сайтар ухамсарлах учиртай. Иймд дараах зүйлсийг анхаарна.
ü  Хүүхэд аль нэгэн дээр нь үлдэж таарна. Тэгэхээр хамт амьдрахгүй аав юм уу ээж нь хүссэн үедээ хүүхэдтэйгээ уулзана, мөн хүүхэд хүссэн үедээ ээж/аав дээрээ очиж байна гэдгийг тохирч, түүнийгээ хүүхдэд ойлгуулах.
ü  "Энэ бол ээж аавын хоорондын асуудал" гэдгийг хүүхдэдээ ойлгуулах. "Бидний муудалцаж хэрэлдээд байгаа нь томчуудын асуудал. Томчуудын муудалцаан бол хүүхдийнхээс өөр, хэцүү" гээд салалтынхаа учир шалтгааныг насанд нь тохирсон байдлаар товч, зөв тайлбарлаж ойлгуулах. Гэртээ бид тайван, хөгжилтэй сайхан амьдарч чадахгүйд харамсалтай байна. Чи үүнд буруугүй, гэхдээ үүнийг удаан бодож байж "зөв" гэж шийдсэн учраас өөрчлөх боломжгүй, бид аль аль нь чамд хайртай гэх мэтээр хүүхэдтэйгээ ярилцана, зөв тайлбар хийнэ.
ü  Хүүхдийнхээ сэтгэл санааг анхаарах, дэмжих.
Эцэг эхийнхээ салалтыг мэдэрч, ойлгосон хүүхэд бүр айх (аав ээжгүй болох), уурлах, ичих, гомдох, гуньж гутах зэргээр сэтгэлийн хямралд ордгийг дээр дурдсан. Сэтгэлийн хямрал нь ил илэрч харагдахгүй ч байж мэднэ. Тэгвэл хүүхэд түүнийгээ цэцэрлэг, сургууль зэрэг өөр орчинд янз бүрийн зан авираар илэрхийлж гаргана, мөн дотроо шаналан бодсоор цаашдаа ул урхагтай сэтгэлийн шарх үүсч ч мэднэ. Тэгэхээр салалтын үед өөрийнхөө хямралыг урдаа тавилгүй, хүүхдээ гүн хямрал, цочролд орохоос сэргийлэх нь чухал.

Хүүхдэдээ дарамтгүй, эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх
Салсны дараа өдөр тутмын ажил, амьдралаа зохицуулах, хүүхдүүдийнхээ асаргаа, цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэх гээд ганц бие ээж аав нарт санаа зовох зүйл ихтэй хүнд хэцүү өдрүүд ирнэ. Хүүхдийнхээ сэтгэл санааны сөрөг нөлөөлөл, хямралыг яаж арилгах вэ гэсэн бодол бас тулгарна.
Энэ үед өөрсдөө тайвшрах, хүүхдэдээ айдас, дарамтгүй эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх нь хамгийн чухал.
Эергээр сэтгэх, Ямар нэг зүйл, нэгнийхээ сайн, мууг (голдуу муу талаас нь л бодох байх) ухаж бодолгүй, та өөрийгөө стрессгүй байлга! Ирж буй өдөр бүр хангалттай хүнд хэцүү байхад дээрээс нь өөрийгөө зовоох хэрэггүй. Тэгэхээр уйтгар гунигтаа цэг тавьж, өөртэйгөө хамт байдаг, харилцдаг хүмүүстэйгээ эерэгээр, тайван харилц.
Дасгал: Өглөө сэрээд орон дотроо тухайн өдөр юу хийхээ жагсаан бичээд (өдрийн тэмдэглэлийн дэвтэртэй бол түүнийгээ харж) бүгдийг нааштайгаар, амжилттай гүйцэтгэн дуусгаж байна гэж нэг нэгээр нь төсөөлөн бодно. Завсар хооронд нь заримдаа бага зэрэг завсарлага авч, инээмсэглэнэ. Үүнийг сэтгэл санаа хэвийн аятай болтол өдөр бүр хийнэ.
Өөрийгөө тайвшруулах. Өөрийгөө хамгийн сайн тайвшруулах арга олж, түүнийгээ хэрэглэж сур. Гүнзгий тайван амьсгалах нь үүнд гол үр дүн үзүүлнэ. Их стресстэй үед "гурван удаа-зургаа"- гийн арга нэн тустай.
Өөрийгөө чөлөөлөх. Цаашдын амьдралд маань эхний ээлжинд хамгийн чухал нь юу вэ гэдгээ тогтоож, санаа зовоож буй бусад бүх зүйлээс өөрийгөө чөлөөлөх. Сэтгэлээ засах гэж архи, тамхи, хэвийн хэмжээнээс илүү чихэрлэг зүйл, кофе хэрэглэх нь эрүүл мэндэд хортой, цаашилбал амь насанд ч аюултай тул тэдгээрээс зайлсхийнэ. Өөрт минь болон хүүхдэд маань юу чухал билээ гэдгээ л онцлон авч үзнэ. Утгагүй, ялангуяа салалт, уйтгар гуниг, үзэн ядалтаа ярьж, цаг үрэх танил нөхдөөсөө хөндийрөх нь зөв. Энэ нь таны сэтгэл санаанд хор л болно. Өөрийг тань хайрлаж хандах, дэмжих, амьдралыг тань аятай үйлээр баяжуулах хүмүүстэй холбогдон, харилцаатай байсан нь дээр.
Эрүул зөв хооллох. Хангалттай цэвэр ус, бусад шингэн зүйл (насанд хүрэгчид өдөртөө 2-3 литр шингэн хэрэглэх шаардлагатай бөгөөд энэ нь таргалахгүй байх, бие махбодоос хорт бодисыг зайлуулахад тустай), ногоо, жимс, цагаан идээ хэрэглэхээ мартаж болохгүй. Ямар нэг шинэ хоол санаачлан хийсэн ч яагаад болохгүй гэж? Долоо хоногийн сүүлчээр хүүхэдтэйгээ ширээгээ сайхан засаж, хамт хооллоно. Шинэ соргог амттан ч байж болох. Ийнхүү аль болох эрүүл хоол хүнс хэрэглэх, мөн өөрөө хоолоо хийж идэж байхыг хичээнэ.
Мөн хүүхдээ цэцэрлэгт өгөх, боломжтой бол хүүхэд асрагч авах, ээж аав, ойр дотны хүмүүсээсээ туслалцаа дэмжлэг авах нь ажлаа хийж, өдөр тутмын амьдралаа зохицуулахад тань таны ачааллыг нимгэлнэ.

Ээжтэйгээ амьдардаг хүүхэд
Өрх толгойлсон ээж
Гэр бүл салахад ээжүүд голдуу хүүхдээ авдаг. Ганц бие ээжид хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амаргүй. Ихэнх ээж өөрийнхөө хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээг хязгаарлан, хүүхдийнхээ төлөө л "зүтгэдэг". Хүүхэд бага байх тутам тэдэнд төдий чинээ их анхаарал тавьж, цаг хугацаа зарцуулна. Гэхдээ амьдралаа хэрхэн авч явах, "ээж-хүүхэд" хэмээх гэр бүл ямаршуухан байх вэ гэдэг нь танаас голлон шалтгаална. Тэгэхээр эхлээд энэхүү өвөрмөц амьдралын минь давуу тал нь юу байж болох вэ гэдгийг бодоод үзэж болох юм. Магадгүй амьдралаа бусдаас хамааралгүй, бие даан чөлөөтэйгээр зохицуулан авч явах нь бас нэгэн давуу тал байж болох. Гэхдээ хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэхэд бодох зүйл бишгүй тулгарна. Жишээлбэл:
ü  Гэр бүл салсны дараа ч гэсэн хуучин эр нөхөртэйгөө тайван, хэвийн харилцаа тогтоож чадвал хүүхдийн сэтгэл санаа, хүмүүжилд илүү эерэг нөлөөлнө. Үгүйдээ гэхэд хүүхдээ эцгээс нь хөндийрүүлэх оролдлого хийхгүй байх, хоорондын харилцаагаа тэд өөрсдөө зохицуулах боломж олгох. Энэ тохиолдолд хүүхэд эцэг эхийнхээ салж сарнисан үйл явдлыг сэтгэл санааны хувьд арай хөнгөнөөр давж гарна, мөн эцгийн нөмөр нөөлгийг тодорхой хэмжээнд мэдэрч байх болно.
ü  Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжих. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүнтэй харилцах, тэдэнтэй санаа бодлоо хуваалцах, өөртөө тулгарсан асуудлыг шийдвэрлэж сурах боломжийг олгож байх.

Эцэггүй хүүхэд
Ээжтэйгээ амьдардаг хүүхэд гадаад дүр байдал нь бүрэн бүтэн, цэвэр цэмцгэр явах боловч түүнд төрөлхөөс ногдсон эцгийн нөмөр нөөлөг үгүйлэгдэж явдаг. Энэ нь юуны өмнө байнгын айдсаар илэрнэ. Ямар нэг хамгаалалтгүй байдлыг байнга мэдрэх нь эхтэйгээ амьдардаг хүүхдийн шинж бөгөөд түүнийг төрөхөд аав нь байсан уу, үгүй юу гэдэг ч үүнд хамааралгүй.
Хүмүүжил төлөвшлийн доголдол эцэггүй хүүхдэд илүү тохиолддог. "Аавтайгаа холбоо харилцаа дутмаг байх нь хожим илрэх сэтгэцийн доголдолд мэдэгдэхүйц нөлөөлдөг" гэсэн судалгааны дүн ч байдаг. Эцэггүй хөвгүүд бол "эр хүн" болон төлөвшихөд нэн төвөгтэй. Цэцэрлэг, бага ангид голдуу эмэгтэй багш ажилладаг тул эрчүүдтэй шууд харилцах, тэдний үлгэр дуурайллаар хүмүүжих боломж нэн хомс. Иймд аав нар салаад явсан ч гэсэн хүүхдээсээ хөндийрөх нь хүсэх зүйл биш юм.

Аавууд хүүхдээсээ бүү хөндийрөөрэй
Эхнэрээсээ салсан хойноо хүүхэдтэйгээ олигтойхон юм ярилгүй, юухан хээхэн өгсөн болоод яваад өгдөг эцгүүд байдаг. Цаг хугацаа өнгөрөх тутам ийм эцэг, хүүхдийн хэлхээ холбоо улам бүр унтардаг. Ингээд хоёр гурван жилийн дараа гэхэд хүүхэдтэйгээ уулзаж чадахаа больсон байдаг.
Гэр бүлгүй болоод, дээр нь үр хүүхэдтэйгээ уулзаж чадахаа байсан аавууд сэтгэл санааны маш хүнд байдалд ордог нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Энэ нь тэгээд удаан хугацаагаар үргэлжилбэл тухайн хүүхэд, эцэг эхийн харилцаа, сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг. Иймд аав нар хүүхэдтэйгээ аль болох харилцахыг бодох хэрэгтэй, ингэж чадахгүй байгаа бол энэ байдлаа засахыг л хичээсэн нь дээр.

Хүүхдээ өөртөө татахын тулд яах вэ?
ü  Юу хийх тухайгаа төлөвлөгөө зохио. Өөрийнхөө юу хийхийг бусдаар зөвшөөрүүлнэ гэдэг нь та тэр хүний хяналтад орж байна гэсэн үг. Тийм болохоор хүүхэдтэйгээ юу хийхээ өөрөө л шийд, тэгээд үүндээ саад хийхийг хэнд ч бүү зөвшөөр.
ü  "Би таныг үзэн ядаж байна!" гэдгийг зөвөөр ойлго. (ингэж хэлэх монгол хүүхэд ч цөөн, гэхдээ ингэж бодож байхыг үгүйсгэхгүй) Зүрхийг чинь зүссэн энэ өгүүлбэрийг та нэлээн олон сонсож магадгүй л байх. Үзэн ядалтыг зөв тийш нь залах нь хэн хэний тань сэтгэл санаа, эрүүл мэндэд хэрэгтэй. Үзэн ядах гэдэг нь хайрын эсрэг зүйл биш, хайрын арай өөр хэлбэр.

Үзэн ядах гэдгийг та ингэж л ойлгоод эхэлбэл сэтгэлээр унах хэрэггүй болно, одоо та энэ сөрөг бодлыг нь яаж эерэг болгон хувиргах вэ гэдгээ л бодох хэрэгтэй болно.
ü  Өөрийгөө жаахан сурталчлаад ав, гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй. Өөрийг тань буруутгаад буй бүхнийг эсэргүүцэн няцаах гэж цаг хүчээ бараад нэмэргүй. Хүүхэд та хоёрын дунд урьд нь ямар их нарийн холбоо харилцаа байсан билээ, түүнийгээ сануулахыг хичээ.
ü  Хайрыг мөнгөөр худалдан авч болдоггүй гэдгийг та санах хэрэгтэй. Хүүхдэдээ хайртай гэдгээ нотлох гэж хамаг мөнгөө гөвөн эрхлүүлэх шаардлага байхгүй. Өөрийн чинь тавьж буй анхаарал халамж, цаг хугацаа мөнгөнөөс илүү таныг харуулаад өгнө, тийм болохоор боломжоороо л бай.
ü  Сахилга батыг сахиул! Хүүхдийн дургүйг хүргэж, ахин өөрийнхөө эсрэг болгохгүйн тулд буруу зөрүү зүйлийг нь зөвшөөрчих гээд байдаг тал хүүхдээсээ холдсон эцэг эхэц бий. Хийсэн үйлдлээ хүн хариуцах ёстой, бурууг хийвэл түүний үр дагаврыг амсах болдог гэдгийг хүүхдэдээ ойлгох боломжийг гаргаж өгөх ёстой.
ü  Шилжилтийн насныхныг ойлгох хэрэгтэй. Шилжилтийн насанд хүрсэн хүүхэдтэй бол бүр их нарийн хандах шаардлага гарна. Тэдний гаргах болсон таагүй авирын аль нь чухам бидний салалтаас болж байна, аль нь энэ насныхны бие, сэтгэцийн онцлогтой холбоотой билээ гэдгийг няхуур ялган салгаж үзэх хэрэгтэй.
ü  Хүүхдээ өөрийнхөө зөнгөөр бодож сэтгэхэд нь тусал. Хүүхэд тань гэнэт нөгөө аав/ээжийнхээ талаар яриад, байдлыг өөрөөр харж эхэлснээ мэдэгдвэл та улам батжуулах гээд "хувь нэмрээ оруулах" гэж яарах хэрэггүй. Хүүхэд өөрийнхөө л хэр хэмжээнд бодож сэтгэх нь түүний өөрийн гэсэн үзэл бодлын төлөвшилд маш хэрэгтэй.
ü  Цөхөрч л болохгүй шүү. "Би гэж нэг хөөрхий амьтан" гээд л өөрийгөө гутаагаад, сэтгэлээр унаад байвал хүүхдийнхээ төлөө, өөрийнхөө төлөө ч олигтой юу ч хийж чадахгүй. Арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн оронд зүгээр л идэвхгүй амьтан болчихно.
Аавтайгаа амьдардаг хүүхэд
Өрх толгойлсон аав
Хүүхдээ өөр дээрээ авч салсан аавууд (цөөн ч гэсэн)-ад хүүхдээ асарч хамгаалах, ажил төрөл, гэр орны өдөр тутмын ажлыг амжуулахад ганц бие эмэгтэйчүүдээс илүү бэрхшээл тулгарна. Гэр орны ажил, хүүхдийнхээ асаргаанд бага оролцдог байсан бол бүр ч хүнд.
Эрчүүд зөрчилтэй ямар нэг асуудлыг эмэгтэйчүүдээс өөрөөр шийддэг улс. "Эмэггэйчүүд асуудлыг шийдвэрлэхдээ харилцааны чадвар (ярилцах ч юм уу)-аа илүү ашиглаж, хүлээцтэй, зорилгоо биелүүлэхийн тулд цөхрөлтгүй зүтгэдэг бол эрчүүд тухайн асуудлыг онолын үүднээс задлан шинжилж, шийдвэрлэх аргаа нэг бүрчлэн тодорхой авч үздэгийн зэрэгцээ хэрвээ зорилго нь биелэгдэхгүй тохиолдолд амархан буцаж няцдаг онцлогтой"  ажээ.
Эрчүүд бол өөрсдийнхөө арга барил, үлгэр дуурайллаар л хүүхдээ хүмүүжүүлнэ. Гэхдээ дандаа муу талаасаа биш.
"Аав нар хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжил эерэгээр, мөн зан төлөв бүрдэн тогтоход шийдвэрлэхүй нөлөөлдөг. Тэд асуудалд өөрөөр, сэтгэл хөдлөлөөр бус илүү ул суурьтай ханддаг. Энэ нь охид, хөвгүүдийн аль алинд нь ач тустай".
Эхгүй хүүхэд
Бага насныханд хамгийн хэрэгтэй зүйл бол ээжтэйгээ сэтгэлээрээ холбогдон, энэхүү нарийн нандин холбоо нь идэвхтэй, үргэлж оршин байх явдал юм. "Харин энэхүү харилцаа тасарч, түүнтэй нь ижилхэн холбоо харилцаа тогтоож чадах хүн байхгүй бол хүүхдэд сэтгэл санааны согог үүсдэг". Ер нь хүүхэд ээжээсээ өөр хүнээр асруулах тохиолдолд ямар нэг айдаст автдаг бөгөөд энэ нь насан туршид нь таагүй ул мөрөө үлдээх талтай ажээ.
 "АНУ-д хийсэн урт хугацааны судалгаагаар хүүхдийг хэдий чинээ эрт, хэдий чинээ урт хугацаагаар, байнга яслид өгвөл тэдэнд төдий чинээгээр хор учруулдаг" нь тогтоогдсон байдаг. Иймд эхийн хайр халамж эдлэхгүй, мэдрэхгүй өсөх нь бага насныхны сэтгэл санаа, хүмүүжил төлөвшилд нэн сөрөг нөлөөтэй.
Ээж нь салаад явсан, эцэгтэйгээ амьдардаг хүүхдийн нэлээд нь хувийн зохион байгуулалт тааруу, эхтэйгээ хамт амьдардаг хүүхдээс илүү амархан буруу замд ордог нь амьдрал дээр элбэг. Өдөр тутмын нарийн ширийн зүйлсийг үл тоомсорлох, тохиолдсон асуудлыг хүчээр шийдэх хандлага эцэгтэйгээ амьдардаг охид, хөвгүүдэд мөн байдаг.
Хөвгүүдийн хувьд эмэгтэй хүнд итгэх, тэднийг хүндлэн үзэх нь мэдэгдэхүйц буурдаг бол охид бие даасан байдалд эрт орж, дотноор зөвлөх хүнгүйгээсээ болж алдаа мадагтай амьдрах болдог нь түгээмэл. Эцэгтэйгээ амьдардаг охидын хувьд хөвгүүдэд хандах, хөвгүүдийн хувьд охидод хандах хандлагад нь ямар нэг гажилт орох тохиолдол цөөнгүй ба энэ нь хожим гэр бүлийн амьдралаа зохиоход нь хэвийн бус ул мөрийг үлдээдэг ажээ.

Аавуудад
ü  Хүүхдээ өөр дээрээ авах уу, салж буй эхнэр дээрээ байлгах уу гэдэг шийдвэрээ нухацтай бодож байж гаргах. Хэнтэй нь үлдвэл хүүхдийн маань хөгжил, хүмүүжил, сэтгэл санаанд сөрөг нөлөөлөл багатай байх вэ гэдэг нь үүний гол шалгуур болно. Над дээр байсан нь хамаагүй дээр гэж тооцсон тохиолдолд л та хүүхдээ аваарай.
ü  Хүүхдээ өөр дээрээ авсан тохиолдолд ямар ч гэсэн өөрөө ажил эрхлэх боломжоо алдахгүй байх нь чухал. Яагаад гэвэл эрчүүдийн хувьд салсан эхнэрээсээ хүүхдийн мөнгө олж авна гэдэг бол бараг бүтэхгүй асуудал. Ажлаа сайн хийхийн тулд гэр орны цэвэрлэгээ, хүүхдийн асаргаанд боломжтой бол үйлчлэгч авч, шаардлагатай үед мөн ойр дотны хүмүүсээсээ туслалцаа дэмжлэг хүсэж болох юм.
ü  Та өөрөө сайн үлгэр дуурайлалтай, хариуцлагатай байж, хүүхдийнхээ сэтгэл санааг мэдэрч, ойр дотно ажиллаж чадвал та хоёрын хооронд харилцан ойлголцсон нэн аятайхан харилцаа үүсэн бий болно. Бие биесээ "шинээр нээн харж" ч магадгүй.
ü  Ганц бие эрчүүдийг хайр дурлал отон хүлээж байх болно. Эмэгтэйчүүдэд та хүүхдээ өсгөж байгаа эр хүний хувьд сонирхолтой бас анхаарал халамжтай "сайн" эр хүнд тооцогдох болов уу. Иймд өмнөх туршлагаасаа сургамж авч, хүүхдэдээ сайн ээж болох хүнийг сонгохыг хичээх нь мэдээж.

Хойд эцэг эх/эцэг
Энэхүу жирийн гэмээр атлаа тун харамсалтай зүй тогтлыг засварлан өөрчилдөг өөр нэг хүчин зүйл бол хойд эх, хойд эцэгтэй хүүхдийн амьдрал билээ. Энэ нь бас л өөрийн гэсэн зүй тогтол бүхий амьдрал мөн хэдий ч тухайн хойд эцэг, эх ямар хүн бэ гэдгээс шалтгаалах нэг л ерөнхий нөхцөл байдаг.
Юуны өмнө ээж болон эцэг нь хэн нэгнийг дагуулсаар гэртээ ирэх эсвэл өөрсдийг нь аваад айлд очиход хүүхдэд өөрийгөө хамгаалах зөн хамгийн хүчтэй төрж эхэлдэг. Тэд энэ цаг мөчөөс эхлэн хорвоогийн хамгийн өөнтөгч хүн болон хувирах бөгөөд хэн хүнгүй тэдний хатуу байр суурь, шүүмжлэлт санаа бодлоос ангид байх аргагүй болно. Иймд юуны өмнө тэдний энэ "хий хардлага"-ыг багасгах, арилгах зорилготой ажил үйл шаардагдана.
Ээж нь эсвэл аав нь нас барсан хүүхдийн хувьд дээрхтэй төстэй нөхцөл байдал үүсэх бөгөөд тэдний эмзэгхэн сэтгэлийн орон зайг нөхөхөд улам илүү хайр хэрэгтэй.

No comments:

Post a Comment