Tuesday, April 5, 2016

Сургуулийн өмнөх боловсролын агуулга, стандарт, зохион байгуулалт




5 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын агуулга, стандарт
5.1.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
5.1.1.бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болгох;
5.1.2.хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох;
5.1.3.хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулж хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшихэд туслах;
5.1.4.хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах.
5.2.Цэцэрлэг нь Боловсролын тухай хуулийн 11.3-т заасан боловсролын стандартыг хэрэгжүүлнэ.
5.3.Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 
6 дугаар зүйл. Сургалтын хэрэглэгдэхүүн
6.1.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах ном, гарын авлага, сургалтын үзүүлэн болон тоглоом, бусад хэрэглэгдэхүүн нь сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байна.
6.2.Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах ном, гарын авлага, сургалтын үзүүлэн зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна.
7 дугаар зүйл. Сургуулийн өмнөх боловсролын үнэлгээ
7.1.Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, мэдлэг, чадвар, дадал, хэвшлийг сургалтын явцад болон хичээлийн жилийн эцэст боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу үнэлж, дүгнэнэ.
7.2.Цэцэрлэгийн үйлчилгээний чанарыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу үнэлж, дүгнэнэ. 
ГУРАВДУГААР БҮЛЭГ 
Цэцэрлэг, түүний зохион байгуулалт
8 дугаар зүйл. Цэцэрлэг
8.1.Цэцэрлэг нь ердийн, тусгай, сувиллын, асрамжийн гэсэн хэв шинжтэй байна.
8.2.Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандартын дагуу асаргаа, сувилгаа, сургалтын үйлчилгээг дагнасан болон хосолсон хэлбэрээр явуулж болно.
8.3.Цэцэрлэг нь сургуульд элсэхийн өмнөх насны бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүргэж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана.
8.4.Цэцэрлэг нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалт зохион байгуулж, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
8.5.Цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм болон аюулгүй байдлын дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
8.6.Тусгай болон сувиллын цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм, эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг эрүүл мэнд, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, асрамжийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын болон нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.
8.7.Цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдөнө.
8.8.Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, эмч, тогооч болон үйлчилгээний бусад ажилтан ажиллана.
8.9.Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, туслах багш ажиллана.
8.10.Уртасгасан болон 24 цагийн ажиллагаатай нэг бүлэгт хоёр багш, гурван туслах багш ажиллаж болно.
8.11.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санхүүжилтээр төлбөртэй цэцэрлэг ажиллуулж болно.
8.12.Цэцэрлэг нь хүүхдийн эрүүл, аюулгүй сурч хөгжих орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлж, эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулна.
8.13.Цэцэрлэг нь баг, хорооны нутаг дэвсгэрт салбар бүлэг ажиллуулж болно. 
9 дүгээр зүйл. Цэцэрлэгийн үйл ажиллагааны зохион байгуулалт
9.1.Цэцэрлэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн санал, хүсэлтэд үндэслэн ажиллах цагийг уян хатан тогтоож, уртасгасан, богиносгосон, 24 цагийн ажиллагаатай бүлэг ажиллуулж болно.
9.2.Цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
9.3.Байгаль, цаг уурын болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан тогтоосон онцгой дэглэм, хорио цээрийг харгалзан цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүрд нь өөрчилж болно.
9.4.Цэцэрлэгийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг энэ хуулийн 9.3-т зааснаас бусад нөхцөлд өөрчлөх, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хугацаагаар хаахыг хориглоно.
9.5.Цэцэрлэгийн сургалтын цагийн жилийн доод хэмжээ, хичээл, хүүхдийг хөгжүүлэх бусад үйл ажиллагааны харьцаа, үндсэн болон хувилбарт сургалтын цаг, бүлэг дүүргэлт, багш, хүүхдийн харьцааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
9.6.Цэцэрлэгийн сургалтыг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгээр зохион байгуулах бөгөөд нэг бүлэгт байх хүүхдийн тоо хангалтгүй байгаа тохиолдолд холимог бүлгийн хэлбэрээр сургалт зохион байгуулж болно.
9.7.Цэцэрлэг нь сургалтын орчин, нөхцөл бүрдсэн тохиолдолд хоёр хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж болно.
9.8.Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн багш ажиллуулна.
9.9.Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгийн ердийн бүлгийн хүүхдүүдтэй хамт сургаж болох бөгөөд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд нэг бүлэгт байж болно.
9.10.Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтыг зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсгийг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/



No comments:

Post a Comment