Tuesday, April 5, 2016

Эцэг эхийн харилцаа, хүмүүжлийн арга барил Нийгмийн орчны өөрчлөлт, нөлөөлөл



Зай талбайн хомсдол. Төв суурин газарт, ялангуяа нийслэл хотод барилга байшин олноороо баригдаж, машин тэрэг олширсноос бага насныханд гадаа чөлоөтэй тоглох зай талбай гэж бараг үгүй болжээ. Гэр орондоо байхдаа ч дураараа гүйж, харайх боломж муу, тэдний явах, очих газар тоотой цөөхөн учир хөдөлгөөн нь хязгаарлагдмал, хийж гүйцэтгэх зүйл нь ч голдуу томчуудын заавар зөвлөлгөөнөөр явагдах нь тун түгээмэл боллоо.
Мэдээллийн ертөнц. Мэдээллийн техник, технологийн өндөр хөгжил нь бага насныханд улам нөлөөлсөөр байна. Өнөөгийн багачууд өөрөө ажил үйл гүйцэтгэн, бусадтай харилцаж
хорвоо ертөнцтэй танилцахын оронд зурагтын өмнө багагүй цагийг өнгөрүүлж, зарим нь компьютер дээр тоглож, мөн гар утас ч хэрэглэж байж болзошгүй. Тэд хараа, сонсголоороо л нэлээд мэдээлэл авч, энэ хэрээрээ ойр дотны хүмүүстэйгээ ярилцан, сэтгэлээсээ харилцаж, хайр халамжийг нь биеэрээ мэдрэх, гар хуруугаараа хүртэж мэдрэх, бүтээх нь улам л багассаар байна.
Ажилгүйдэл, ядуурлын нөлөөгөөр хүүхэд багаасаа харж хамгаалах хүнгүй гэртээ үлдэх, даарч хөрөх, хоол хүнсээр дутагдах, улмаар шим тэжээлийн дутал, тураалд орох тохиолдол их байна. Тэдний олонх нь цэцэрлэгт хамрагдан боловсролын үйлчилгээ авч чаддаггүйн дээр эцэг эх нь ч хүүхдээ хөгжүүлж төлөвшүүлэхэд анхаарал тавих боломж муутай байх ажээ. Ийнхүү ажилгүй аав ээжтэй, ядуу айлын хүүхдүүд эдийн засгийн бэрхшээл, эцэг эхийнхээ амьдралын баталгаагүй, эргэлзээтэй байдлыг мэдэрч тавгүйтсээр... Яг өөрийн биеэр эдлэн зовоогүй боловч тэр хэмжээний дарамт, шахалтыгорчин нөхцөлөөсөө авч өссөн хүүхэд хэзээ язааны зовлон үзэж дол цохьсон том хүн мэт болж, яана даа гэмээр хатуу сэтгэлтэй болж хувирах нь ч байна.
Айдас хүйдэс. Хулгай, дээрэм, элдэв осол, халдварт өвчин, зарим хүний зэрлэг балмад ажиллагааны талаарх мэдээллийг хүүхэд зурагтаар харж, ойр орчныхоо хүмүүсийн ярианаас сонсдог. Мөн насандаа тохироогүй аллага, хүчирхийлэлтэй кино, нэвтрүүлэг үзэх нь бий. Энэ нь тэдэнд айдас хүйдсийн мэдрэмж төрүүлдэг. Мөн зарим гэр бүл дэх хэрүүл маргаан, архидалт тэдний сэтгэлийг эмзэглүүлж, таагүй байдал үүсгэх нь ч цөөнгүй. "Монгол улсад 2011 оны эхний хагас жилийн байдлаар гэр, орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 3267 гарч, энэ нь нийт гэмт хэргийн 32,3%-ийг эзэлж буй бөгөөд хүүхэд оролцсон гэмт хэрэг 358 бүртгэгдсэн байна".
Хөдөөгийн хүүхэд. Хөдөөгийн малчин өрхийн бага насныхан бол харин ч хүүхдэд илүү таатай орчинд өсөн бойжиж байна. Хүйтэн нойтон, алс хязгаарлагдмал гэдэг нь туйлын харьцангуй ойлголт гэдгийг нотлоход хялбархан. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны хүүхдийн даарч байгаа орчинд Дамбадаржаа хавийн хүүхэд бол халууцна. Харин Дамбын хүүхдийн бээвийж суугаа газар Хөвсгөлийн Жаргалын хүүхдүүд таатайяа тоглоно.

Гэр бүлд гарч буй өөрчлөлт
Салсан ээж аавын хүүхэд. Сүүлийн үед гэр бүл салалт нэмэгдэж байгаагийн хамгийн хүнд бэрхийг хүүхдүүд л үүрч байна. Тэд эцэг эхийнхээ хэрүүл зөрчлийг харж, сонсож, ойр дотны хүн (аав эсвэл ээж)-ээсээ салснаар сэтгэл санаа нь хямран стресст амархан ордгийг судлаачид тогтоосон байдаг. Үүнийг хэн ч харсан тодорхой л байдаг даа. Ингээд тэдэнд амьдралын шинэ орчин нөхцөл, эсвэл өөр хүнд дасан зохицох амаргүй даваа тулгарна. Үүний зэрэгцээ эдийн засгийн бэрхшээлийг ч байнга мэдэрч, хүүхэд байна гэдэг бол хэцүү юм байна гэсэн бодомж амархан төрнө.
Жижиг гэр бүл. Монгол айл олон хүүхэдтэй, ах эгч нь дүү нараа бараг өсгөчихдөг байлаа. Одоо бол сумын төвөөс эхлэн аймаг, нийслэлийнхний дийлэнх нь "Хоёр хүүхэдтэй л бол боллоо" гэх болжээ. Гэр бүл эдийн засгийн талаасаа боломжтой байхын зэрэгцээ улсаас бага насны хүүхдийн асаргаа хамгаалалт, боловсрол хүмүүжилд хангалттай дэмжлэг үзүүлдэг бол эцэг эх олон хүүхэд төрүүлэхээс нэг их зайлсхийгээд байдаггүй ажээ. Гэртээ олуулаа төрж өснө гэдэг нь ямар ч хүнд бодит утгаараа жинхэнэ нийгэмшихүй байдаг.

Эцэг эхийн нөлөөлөл
Цаг завгуй ажил. Хоёулаа ажил хөдөлмөр эрхэлдэг ээж, аав нар хүүхдээ багаас нь эмээ өвөө эсвэл өөр нэг хүнээр харуулна, эсвэл ясли, 24-ийн цэцэрлэгт ч өгнө. Хүүхэдтэйгээ байх, ажиллах цаг хомс, байлаа ч түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй. Өглөө хүүхдээ унтаж байхад ажилдаа гараад орой унтсан хойно нь ирэх эцэг эх ч бий.
Эцэг эхийн хүсэл, хүлээлт. Хүүхдээ багаас нь ихийг мэддэг, чаддаг болгохыг эцэг эхчүүд ихэд эрмэлзэх болжээ. Энэ нь нийгмийн хурдацтай хөгжлөөс үүдэлтэй бөгөөд багаас нь ихийг сургаж мэдүүлбэл хожим амьдралаа авч явахад тустай гэж тэд гэнэхнээр үздэг ажээ.
Мэдлэг, чадварын хомсдол. Нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл            иргэншилд шилжиж, амьдралын хэв маяг, нөхцөл байдал өөрчлөгдөхөд хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх, хөгжүүлэх шинэлэг орчин нөхцөл, өөр арга барил шаардагдах болжээ. Төв суурин газрын олон эцэг эх, ялангуяа залуу ээж аав нар бага балчир хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллахаа тэр бүр сайн мэдэхгүй, тиймээс хүүхдээ дур зоргоор нь зөнд нь орхих, хэт эрхлүүлэх, эсвэл дээрх байдлаар хэт ачаал өгч дарамт шахалт үзүүлэх зэрэг хандлагууд ихээхэн ажиглагдаж байна.
Материаллаг сэтгэлгээ. Олон         эцэг эх хүүхдийнхээ материаллаг хэрэгцээ, хүслийг биелүүлээд харин сэтгэл санаа, харилцааны хэрэгцээг анзаарахгүй өнгөрч байна.
Үр дагавар
Дээрх нөхцөл байдал, нөлөөллөөс бага насны хүүхдүүдийн сэтгэл санаа, зан харилцаа, сэдэл тэмүүлэл, сурч мэдэхэд зарим сөрөг үр дагавар илэрсээр байна. Жишээлбэл,
ü  Сэтгэл санаа хэвийн бус (айх, эргэлзэх, бухимдаж адгах гэх мэт)
ü  Тэсвэр хатуужилгүй
ü  Биеийн эсэргүүцэл сул, өвчлөмтгий
ü   Яриа, харилцааны чадвар дутмаг
ü  Хөдөлгөөний зохицуулалт, эв дүй сайнгүй
ü  Зан чанарын үнэт зүйл хомс
ü  Материаллаг зүйлсийг чухалчилдаг
ü  "Амьдрал мэддэггүй", бэлэнчлэх сэтгэлгээтэй болох гэх мэт

Бид яах ёстой вэ?
ü  Хүүхдүүдээ багаас нь хайрлаж, тэдэнд хүүхэд насаа эдлэх, хуүхдээрээ байх боломж олгох.
ü  Ээж аав нар ямагт "супер" хүүхэдтэй байхыг хүсэх хэрэггүй. Хүүхэд алдаа гаргаж болно, тэд алдаанаасаа суралцдаг. Харин та өөрөө тайван, амьдралын баяр баясгалантай байж, сэтгэл санаа, зан чанар, харилцааны сайн үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал. Тэрхүү үлгэр дуурайллаас хүүхэд хаашаа явах баримжаагаа авдаг.
ü  Тэдэнд хоёрдогч мэдээлэл (зурагтын нэвтрүүлэг, компьютерийн тоглоом гэх мэт) биш шууд, зохиомол бус, харин туршлага хуримтлуулахуйц амьдралын бодит орчин, ажил үйл, харилцаа илүү нөлөөлнө. Тэд бүхий л мэдрэхүйнхээ тусламжаар хорвоо ертөнцтэй танилцваас амьдралыг илүү бодитойгоор ойлгодог болно.
ü  Хот ба хөдөөд. Хэрэв та төв суурин газар амьдардаг бол бага насны хүүхдэдээ эрүүл агаарт байх, гадаа чөлөөтэй тоглож наадах, хүмүүсийн амьдрал, ажил хөдөлмөртэй бодитоор нь танилцах, оролцох (боломжтой бол урин дулаан цагт зусланд гарах, хөдөө айлд очих, аялал зугаалгаар явах гэх мэт), байгальтай харилцах боломж түлхүү олгоорой.
Хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд
            Хүүхдээ сэтгэл санаагаар өөдрөг байлгаж, ирээдүйд аз жаргалтай амьдрах замд нь хөтлөхийн тулд:
Таатай уур амьсгал бүрдүүл
Гэр бүлийн уур амьсгалыг аятай, халуун дулаан байлгахад гэр бүлийн гишүүд хоорондын харилцаа, үг хэллэг, дууны өнгө аяс нөлөөлнө. Уурлаж загнасан, хахирлаж тушаасан өнгө аясаар ярих, ширүүн догшноор хашгичих зэрэг нь гэр бүлийн уур амьсгалыг эвдэж, сэтгэл санаанд таагүй мэдрэмж үүсгэдэг. Эцэг эх эелдэг харилцаатай, баясгалантай бол хүүхэд мөн баяр баясгалантай байна. Өөрөөр хэлбэл аз жаргалтай байхад суралцана.
Хүүхэдтэйгээ хамтдаа инээ
Аз жаргалын нууцыг тайлахыг оролддог судлаачид "инээх, инээмсэглэх бол анхаарал төвлөрүүлэх, ачаалал даах, дүрслэн бодох чадвартай болгодог" гэжээ. Инээхийн үр дагавар нь тэр дороо мэдрэгдэнэ: Аз жаргалын гормон (даавар) бие махбодын судлаар гүйж судас хурдан, хүчтэй, жигд цохилон, анхаарал сайжирч, хийж буй зүйл гараас амархан гарна. Үүний адилаар инээд баясал нь хүүхдийн өсөлтөд ч нөлөөлнө.
Хүүхдээ байнга тоглуул
Тоглох явцдаа хүүхэд бодож сэтгэнэ, санаа бодлоо илэрхийлнэ, үйл, хөдөлгөөнөө удирдана, бусадтай харилцана, зохицоно, тэсвэр хатуужил гаргана. Ийнхүү тоглоом нь хүүхдийн хөгжлийг дэмжигч үндсэн үйл. Үүний зэрэгцээ хүүхэд тоглох явцдаа ихээхэн амралт тайвшрал, таашаал авдаг.
Өөрөө өөдрөг бай
Хэтэрхий болгоомжилдог мөн гутрангуй эцэг эхтэй хүүхэд голдуу хар бараан бодолтой болж өсдгийг судлаачид тогтоожээ. Тиймээс та өөрөө ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн хүнд хэцүү, тааламжгүй, уур уцаар, гунигтай байх тохиолдлыг яаж аятай нааштайгаар шийдвэрлэж болохыг хүүхдэдээ үлгэрлэн үзүүлж байхыг хичээгээрэй.
Хэрэв хүүхдээ зөнд нь орхиод байвал уур уцаар, шүүмжпэл, хэрүүл хэзээ ч тасрахгүй. Харин хүүхэд тань сөрөг зүйлийг мэдэрдэг, түүнээс сэрэмжилж өөрийгөө хянаж жолоодож чаддаг болбол амьдрал хэвийн, аятай байна. Өөрийгөө хянаж чаддаг хүүхэд өөдрөг, төлөв түвшин хүн болдог. Хэрэв хүүхэдтэй тохирсон тохиролцоо, хэлж, шаардаж буй зүйл тодорхой, намайг ингэвэл аав ээж тэгнэ дээ гэж эцэг эхээс ирэх хариу үйлдлийг хүүхэд урьдаас мэддэг байвал тэд өөрийгөө хянаж сурахад дөхөмтэй байдаг. Иймд та хүүхдэдээ "болохгүй", "үгүй" эсвэл "болно", "за" гэсэн бол түүндээ бат зогсож, учрыг нь сайн тайлбарлаарай.
Үгээр болон үйлээрээ хүүхдэдээ ойр дотно байх нь тэдэнд таатай мэдрэмж төрүүлнэ. "Сайн хүүхэд шүү" гэх эсвэл үнсэх, мөрөөр нь тэвэрч авах гэх мэт. Гэхдээ тунг нь тааруулж, насанд нь зохицуулан харилцана. Бага насны хүүхэд үнсүүлэх дуртай бол өсвөр насныхны мөрөн дээр нь товшиход хангалттай байх жишээтэй. Ижил насны байлаа ч хүүхэд бүр бас өөр өөрийн онцлогтой.
Урам хайрла
Манайд "Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ" гэсэн үг байдаг. Хүүхдийг урамшуулж, зоригжуулах нь тэдний сэдэл, тэмүүлэл, идэвх зүтгэлд түлхэц өгнө. Тэгэхээр магтаал, урамшлын үгээ бүү харамлаарай.
Хүүхдээ хүндэтгэ, итгэл өг
Эцэг эх өөрийг нь хүндэтгэхэд тэд таашаалтай байдаг. Хүүхдийнхээ мэдэж, чадаж байгаа зүйл, гаргасан амжилт, бусадтай аятай харилцаж байгаа зэргийг нь олж харж, түүнд нь талархалтай байгаагаа илэрхийлж байвал тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Хүүхдэдээ итгэл өгч, хийх гээд байгаа зүйлийг нь хориглолгүй хийлгээд л байхыг хичээгээрэй.
Бусдыг баярлуул
Хүүхэд бусдыг баярлуулахдаа дуртай байдаг. Хажуу айлдаа юм (чанасан гэдэс, чихэр жимс) оруулж өгөх, бусдад бэлэг хамтран бэлтгэх, эмээ өвөөдөө тусалж, тэднээс магтаал сонсох зэргээр бусдыг баярлуулах нь хүүхэд насны баяр баясгалан, таатай дурсамжийг бүрдүүлдэг.
Хүүхдээ хөдөлгөөнтэй байлга
Хөдөлгөөн бол хүүхдийн амьдрал, баяр баясгалангийн илрэл. Тэд гүйнэ, харайна, үсэрч
дэгдэнэ...., хөлөө жийн сууцгаана. Хөдөлгөөн нь хүүхдийг эрүүл байлгаж, сэтгэл санааг сэргээж, оюун ухааныг нь хөгжүүлнэ. Тэгэхээр та хүүхдэдээ аль болох хөдөлгөөнтэй байх нөхцөл, боломж, цаг хугацаа олгож байгаарай.
Хүүхдэдээ цаг гарга
Бага насны хүүхэд ам хуурайгүй ярина. Ярьж байгаа зүйлд нь ач холбогдол өгч сонсвол тэд дуртай. Тэгэхээр хүүхдээ сонсох, ярилцах, хөгжөөхөд өдөрт наад зах нь 5 минут гаргахыг хичээгээрэй. Та хүүхэдтэйгээ хөгжилтэй, инээлгэх ("Хамраа дарах" гэх мэт) тоглоомоор тогловол тэд нэн дуртай байх болно.
Эцэг эхээс хүүхэд юу хүсдэг вэ?
Нялх хүүхэд
Хорвоо ертөнцөд мэндэлснийх нь дараа нялх хүүхдэд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл бол хайр халамжийг мэдрэх явдал байдаг. Үүнийг хүүхэд орчин нь амгалан тайван байх, биеэрээ ээж/аавдаа хүрч холбогдож байх, өөрийнх нь хэрэгцээг мэдэрч, биелүүлж байхаас мэдэрдэг аж. Эхийнхээ хэвлийд байхдаа сонсож байсан танил дуу авиа сонсогдоход "Би ганцаараа биш юм байна" гэдгээ мэдэрнэ. Уйлах, цочиход ээж нь авч элгэндээ тэврэхэд зүрхний нь танил цохилтыг мэдэрч тайвширна.

Тэгэхээр нялх хүүхэд дараах зүйлсийг ээж, ааваасаа хүсэж, "жагсаан бичих" ажээ.
ü  Ээжийн маань сүү
ü  Ээжийнхээ гар, биед хүрэх, авахуулах
ü  Ээж аавын маань энхрий зөөлөн үгс
ü  Ганцааранг минь унтуулахгүй байх
ü  Уйлахад минь тэр дор нь аргадах
ü  Гэр бүл маань (ээж, аав, бас би) тайван амгалан, сайхан байх
Бага насныхан
Бага насныханд мөн ээж аавтайгаа хамт байж энхрийлэл, нөмөр нөөлөг, хайр халамжийг мэдрэх хэрэгцээ чухал хэвээр байна. Хайр энхрийллийг өөрөө багадаа олигтой амсаагүй эцэг эх хүүхдэдээ хайраа илэрхийлж мэдрүүлэх эв дүй муутайхан байдаг. Гэхдээ өөдрөг сайн хүн болгохыг хүсэж л байвал хүүхдээ энхрийлж хайрлах арга, эв дүйд суралцахаас өөр аргагүй. Ялангуяа бага    насныхны хувьд гар, хөлийг нь барихаас эхлээд хацар, толгойгоо нийлүүлэх, цээжиндээ наалдуулан тэврэх зэргээр бие махбодоороо хүрэлцэх нь хайраа мэдрүүлэх хамгийн энгийн бөгөөд сайн арга.
Хүүхэд мөлхдөг, явдаг болохоос эхлэн тэдэнд орчинтойгоо танилцах (бусниулах), "нээлт хийх" том ажил эхэлнэ. Барьсан зүйлээрээ оролдоно, томчууд бидэнд утга учиргүй мэт санагдавч тэд хийж буй аль нэг зүйлээ дахин дахин давтана. "Үүнийг битгий аваарай" гэвэл харин ч авч үзэх гэнэ, "Ийшээ орж болохгүй" гэвэл заавал орж үзэх гэж зүтгэнэ. Тэдний үйл хөдлөл бүрийг ийнхүү томчууд бид зохицуулах гэж оролдон өөрсдийнхөө бодлоор хориглоод, буруутгаад байвал тэд хүссэнээ биелүүлэх гэж улам шимтэн зүтгэх нь бий. Энэ нь тэдэнд уг зүйлийг оролдох, авч үзэх, хийх гэсэн эрэлт хэрэгцээ байдагтай холбоотой. Эрэлт хэрэгцээ зайлшгуй байгаа болохоор түүнийгээ гүйцэлдүүлэхээс яах вэ.
Тэгэхээр бага насны хүүхдүүдийн ээж ааваасаа хүсэх зүйлсийн жагсаалтад:  
ü  Ээж аав намайг тэврэх, үүрэх, үнсэх, өвөр дээрээ суулгах
ü  Аав- ээж маань над руу эелдгээр харж, надтай харц тулгарч байх
ü   Миний авах, үзэх гэсэн зүйлийг хориглохгүй байх
ü  Хийж байгаа зүйлдээ намайг оролцуулах
ü  Миний хэлсэн, хүссэнийг анхааралтай сонсох
ü  Миний хийх гэсэн зүйлийг хийлгэх
ü  Алдаа гаргавал түүнийг минь өршөөх
ü  Надтай тоглох, гадаа хамт байх
ü  Дүүтэй болсон ч гэсэн намайг бас анхаарах
ü  Гэр бүлийнхэн маань тайван амгалан, баяр баясгалантай байх

No comments:

Post a Comment