Tuesday, April 5, 2016

Удирдагч бие хүнд тавигдах сэтгэл зүйн шаардлагууд




Удирдахуйн үйл ажиллагааны цөм хэсэгт хүмүүс байх хийгээд тэд өөрийн гэсэн үзэл бодол, эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, амьдралын асуудалтай байдаг. Энэ бүхнийг харгалзан үзэж, зохицуулан зохион байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулна гэдэг бол маш нарийн эв дүй, ур ухаан, тэсвэр тэвчээр, авьяас чадвар шаардсан ажил болох нь тодорхой. Тодорхой салбараар мэргэжил боловсрол эзэмшсэн, ажлын туршлагатай бол дурын хүн удирдах ажил хийж болно гэдэг хандлага бол өрөөсгөл алдаатай ойлголт юм. Иймээс үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн салбарт хамт олныг зохион байгуулан ажиллаж байгаа мэргэжилтэн юуны өмнө удирдагч бие хүн болж төлөвшсөн байх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, удирдлагын үйл ажиллагааг амжилттай явуулахад нөлөөлж байдаг тэрхүү сэтгэл зүйн онцлог, ур чадваруудад суралцан эзэмших замаар удирдагч бие хүн болж төлөвшинө. Эндээс үзвэл аливаа мэргэжил хүнээс тодорхой бэлтгэл, ур чадваруудыг шаардаж байдаг гэсэн үг.
Үйлдвэрлэл, зохион байгуулалтаараа тэргүүлж яваа ази болон европын орнуудын нэр хүндтэй удирдагч нарын дунд явуулсан судалгаанаас үзэхэд, удирдах ажлын амжилтад дараах ур чадвар, сэтгэл зүйн онцлог талууд чухал нөлөөтэй болохыг онцлон тэмдэглэжээ. Тухайлбал:
ü  Хүмүүс хамт олныг удирдан зохион байгуулах дур, сонирхол
ü  Харилцах, нөлөөлөх, итгэл үнэмшил төрүүлж ажиллах
ü  Хүний сэтгэлийн гүнд нэвтрэх эв дүй, ажиллагсдаа танин ойлгох, харилцаа холбоо тогтоох
ü  Уян хатан, ер бусын өвөрмөц, шинэлэг содон сэтгэлгээ, шинэ нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргах
ü  Хариуцлага, бие даасан байдлыг хослуулан ажиллах
ü  Гаргасан шийдвэр, үйл явдлын өрнөл, үр дагаврыг урьдчилан харах мэдрэмж
ü  Мэргэжлийн өндөр ур чадвар, онол арга зүйн бэлтгэл, ажлын туршлага гэх мэт.
Мөн олон орны эрдэмтэн судлаачид, удирдах ажлын амжилтад нөлөөлж байдаг удирдагч бие хүний сэтгэл зүйн онцлог чанаруудыг өөр өөрийн байр сууринаас авч үзэж, судалж ирсэн байна.  Тухайлбал,
ü  Доод тушаалын хүмүүст нөлөөлөх манлайлах
ü  Өөртөө итгэлтэй, өөдрөг байх
ü  Эрсдэл болон ачааллыг даван туулах
ü  Сэтгэл хөдлөлөө удирдах, зохицуулах тэнцвэртэй, тэсвэртэй байх
ü  Асуудалд бодитойгооор хандах оюун ухаан болон сэтгэхүйн бүтээлч байдал
ü  Амжилтад хүрэх эрсдэл, туршилт хийх эрмэлзэл
ü  Өгөгдсөн үүрэг даалгаврыг үнэнч шударгаар биелүүлэх, амалсан амлалтдаа эзэн байх чанар
ü  Нөхцөл байдал, хүмүүсийн сэтгэл зүйн онцлогт тохируулан хандаж хаьцах
ü  Илэн далангүй байх, харилцан зөвшилцөх
М. Вудкок, Д. Френсис:
ü  Өөрийгөө удирдан хянах
ü  Үнэт зүйлийн тодорхой баримжаалалтай байх
ü  Өөрийгөө хөгжүүлж, боловсруулах гэсэн байнгын идэвх чармайлт
ü  Асуудлыг олон талаас авч үзэж, шийдвэрлэх гүйлгээ ухаан
ü  Шинэчлэл өөрчлөлт, эрэл хайгуул хийх бүтээлч сэтгэлгээ
ü  Орчин үеийн удирдахуйн талаарх мэдлэг, боловсрол
ü  Доод тушаалын хүмүүсээ сургаж, хөгжүүлэх эрмэлзэл
ü  Эвсэг хамт олныг бүрдүүлж, баг болж ажиллах чадвар
ü  Хүмүүс хоорондын харьцаа хандлагыг мэдрэн анхаарах
ü  Доод тушаалын ажилтнуудынхаа сэтгэл санааны байдлыг ойлгон хуваалцах
ü  Өөрийгөө бусдын байр сууринд тавьж, адилтгах
ü  Хамт олныхоо хүсэл эрмэлзэл сонирхлыг харгалзан үзэж, шийдвэр гаргах
ü  Сонголтыг хэрэгцээтэй уялдуулах
ü  Нөхцөл байдал, хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэж харилцах
ü  Зөрчилт нөхцөл байдлыг удирдан зохицуулах эв дүй
ü  Өөрийн хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил, өөдрөг үзлээрээ бусдыг манлайлан дагуулах
ü  Шаардлагыг оновчтой тавих замаар ажлыг цаг тухайд нь гүйцэтгүүлэх
ü  Төлөвлөсөн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хоцрогдол доголдлыг бодитойгоор илрүүлэн шүүмжлэлтэй хандах чадвар
ü  Хүмүүсийг сэдэлжүүлэн идэвхжүүлэх, дайчлах
ü  Байгууллага, хамт олны хувь заяаны төлөө хариуцлага хүлээх
ü  Өөрийн сэтгэл санааны байдлыг хянан удирдах
ü  Зохион байгуулах ажлыг хийх сэтгэл зүйн бэлэн байдал
ü  Ачаалал даах, ажиллах чадвар
ü  Ажилдаа сэтгэл хангалуун байх
Генри Минтцберг:
ü  Хүмүүстэй харьцахдаа ижил тэгш байр сууринаас хандах
ü  Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, олон нийтийн өмнө үг хэлэх
ü  Доод тушаалын хүмүүсээ удирдан зохион байгуулах, тэдэнд тохиолдож байгаа асуудлыг шийдвэрлэж, хариуцлага хүлээх
ü  Үүсэж бий болсон зөрчил зөрөлдөөнийг зохицуулах,         удирдах
ü  Байгууллага дахь мэдээллийн үр ашигтай тогтолцоог        бий болгож, бодитойгоор хянаж үнэлэх
ü  Ажлаа оновчтой зохион байгуулах
ü  Гаргасан алдаа дутагдлаа засаж залруулах
ü  Асуудлыг олон олон талаас нухацтайгаар авч үзэж, шийдвэрийг гаргах зэргийг удирдагч хүнд байвал зохих чухал сэтгэл зүйн шинж чанар, чадварууд гэж үзэж, онцлон тодорхойлжээ.

Тэгвэл баг хамт олныг зохион байгуулах ажил хийж байгаа хэн бүхэн удирдахуйн мэргэжилд тавигдах сэтгэл зүйн болон мэргэжлийн шаардлага, ур чадваруудыг сайтар судлан мэдэж, тэдгээрийг эзэмшин хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулан, зорилго чиглэлтэйгээр өөрийгөө дайчлан хөгжүүлж чадвал амжилтад хүрэх, сайн удирдагч болох боломжтой ажээ. Төрөлхийн удирдагч хүн гэж төрдөггүй бөгөөд харин суралцах явцдаа өөрийгөө нээн хөгжүүлдэг. Бие хүний чадваржих, туршлагажих, төлөвших үйл явц суралцахуйтай салшгүй холбоотой. Ажил мэргэжлийн туршлага, хүний ажилласан жилээс тодорхой хэмжээгээр хамаарах боловч ихэнхдээ хувь хүний бүтээлч идэвх чармайлт, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, дайчлах, тэсвэр тэвчээр, чин сэтгэдээ зориулах сэтгэл зүйн бэлтгэл, чадвараас ихэнхдээ шалтгаалж байдаг. Олон жил удирдах ажил хийсэн хирнээ зохион байгуулах чадвар, нэр хүнд муутай удирдагч нар байдаг нь үүнтэй холбоотой. Иймээс удирдах ажилтан бүр, өөрийн хөгжил төлөвшил, алдаа амжилтад үнэлгээ дүгнэлт хийж, дотоод нөөц боломжоо дайчлан байнга тасралтгүй хөгжүүлэхэд плүү анхаарал хандуулж ажиллах нь чухал юм.
Байгууллага, хамт олны үйл ажиллагааг чадварлагаар зохион байгуулж, тэдэнд үлгэр дуурайлал үзүүлэн халамжлан хүмүүжүүлж чаддаг, ухаалаг сэргэлэн, аливаа асуудлыг эрэгцүүлэн бодож бүтээлчээр сэтгэдэг, хүнтэй ажиллах арга барил, туршлагатай, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, амьдралаас байнга суралцаж байж, нэртэй удирдагч болдгийг дэлхийн олон орны алдар цуутай хүмүүсийн туршлага, түүхэн замнал нотлон харуулж байна.

No comments:

Post a Comment