Бага насны хүүхэд дандаа л инээж баясаад байдаггүй,
тэдэнд уурлаж уцаарлах, айх, гуних, гомдох үе цөөнгүй. Энэ нь амьдралд байдаг л
үзэгдэл. Томчууд бидэнд ч ялгаагүй. Тэгэхээр хүүхдэд амьдралын янз бүрийн
нөхцөл байдалд сэтгэлийн хөдөлгөөнөө эзэмдэн зохицуулж сурахад бидний туслалцаа
хэрэг болдог. Баяр баясгалантай байхын эсрэг сэтгэлийн хөдөлгөөн бол уурлах,
айх, гуних. Эдгээр "сөрөг" гэж хэлж болох сэтгэлийн хөдөлгөөнөө
зохицуулж сурахад бид хүүхдэдээ туслах хэрэгтэй.
Уураа илэрхийлж
сурахад
Хүүхэд уурлах нь өөрийн хүссэнийг биелүүлэх, эрх чөлөөтэй байх гэснээс
голдуу үүдэлтэй байдаг. Хүүхэд ер уурлахгүй, бусдын аяыг дагаад байдаг бол сул дорой, харин хэтэрхий их уурлаад байвал түрэмгий нэгэн
болоход хүрнэ. Тэгэхээр энэ хоёр туйлын дундажийг олж, барьж сурахын тулд
ойролцоогоор 2 наснаас нь эхлэн хүүхдэд нөлөөлнө.
Уураа үгээр илэрхийлж сургах. Уураа цохих, маажих
зэрэг үйлээр биш, үгээр илэрхийлж байна гэдгийг хүүхэдтэйгээ тохирч, түүн
дээрээ ээж аав нар баттай зогсоно, шаардана. Хүүхэд уураа чанга дуугаар
(ойлгогдохоор) илэрхийлж хэлнэ. Томхон болоод ирэхээр хэрүүлийн үг олж
хэрэглэнэ.
Шалтгааныг нь тайлбарлуулах. Уурласны учир
шалтгааныг тайлбарлаж ярьж сурахад нь тусална. Ингэхдээ асуулт тавьж,
шалтгааныг нь хэлүүлнэ. Жишээлбэл, "Цоржоо
чиний машиныг булааж авсан болохоор чи уурласан уу?", 'Ээж нь чамайг
дэлгүүр дагуулж явахгүй, орхисон болохоор уурласан уу?", "Гар чинь
шалбарч гэмтээгүй юм чинь уйлаххэрэг байна уу?" Ингээд тэд төдөлгүй
яагаад уурласнаа тайлбарлаж хэлдэг болно.
Хүслийг нь хэлүүлэх. Хүүхэд ямар нэг юм
сэтгэлд нь нийцэхгүй болохоор энд тэнд гонгинон явдаг. Энэ үед нааштай үйл
санал болгож, хүүхдэдээ тусалж болно. Жишээлбэл, "Билгүүн ээ, одоо миний хүүхэлдэйг өг, би хүүхэлдэйгээрээ
тогломоор байна гэж түүн дээр очоод хэл дээ" гэх.
Санал тавих. Ээж аав хүүхдээ
уурласан үед уураа гаргахад нь туслах саналууд тавих. Чанга хашгирах, хуучин сонин жижиглэж урах, хөл дээрээ дахин дахин
үсрэх, гүйж уралдах, гараа атгаж байгаад орны гудас эсвэл буйдан дээр дахин
дахин чанга цохих гэх мэт.
Гэхдээ уураа зохистой илэрхийлж сурахад хүүхдэд багагүй цагхугацаа
шаардагдана.
Айдсаа давж гарахад
Хүүхдийн айдсын зарим нь,
хүүхэд айх шалтгаан биднийхээс өөр. Багшийнхаа хормойноос ямагт зүүлттэй явдаг
Тоодонд ээжээс бусад бүх зүйл, чихмэл тоглоом, ялаа ч аймшиг төрүүлнэ. Нямка
"Намайг энэ чигт минь унтуулаад, ижий минь ажлаасаа ирээд олохгүй
вий" гэх. Бидэн шиг томчуулын хувьд энэ нь инээдтэй боловч Нямкагийн
тухайд бол бодитой аймшиг.
Бодит байдлыг ойлгуулах. Гурав, дөрвөн
настнуудын толгойд тойрон хүрээлж буй орчин, хүмүүсийн талаар элдэв бодол
эргэлдэж, заримдаа түүнээсээ айх, санаа зовох нь бий. "Аймхай дөрвөн
нас" гэсэн үг ч байдаг. Тэд заримдаа бодит байдал, төсөөлөн бодсоноо ялгаж
чадахгүй хольж хутгах нь ч бий. Тэгэхээр хүүхдээсээ юунаас айдгийг нь асууж, цаг
зав гарган тухтайхан ярилцаж, бодит байдлыг ойлгуулна.
Хүүхэдтэйгээ ойр байх. Нялх, бага насны
хүүхдийн хувьд асарч хамгаалдаг ойр дотны хүн нь орхиж явах, ойр байхгүй
тохиолдолд айдаг. Энэ нь тэдний сэтгэл санааг нэн тавгүйтүүлдэг төдийгүй хожим
ямар нэг зүйлээс айдаг болох ул мөрийг үлдээх ч тал бий. Иймд ээж аав нар нялх,
балчир хүүхдийг ганцааранг нь орхилгүй, ойр байж, нөмөр нөөлгөө мэдрүүлж байх
нь чухал.
Хүүхдээ сонсох. "Үүнээс айх юм
байхгүй" гэх мэтээр сургамжлахын оронд тэднээр өөрөөр нь айсан зүйлийнх нь
талаар яриулаад тэвчээртэй, соргогоор сонсоно. Ярианаас нь тэд юунд баярладаг,
юунаас айдаг, юу хүсдэг нь мэдэгдэнэ. Ингээд санаа зовж, айж эмээж байгаа
зүйлийг нь хуваалцаж, санаагаа нэмэрлэж хэлнэ.
Зоригжуулсан үг хэлэх. Хүүхдийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн
зоригжуулахад тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Ялангуяа аймхай хүүхдэд
зоригжуулсан үгс илүү хэрэгтэй.
Харанхуйд хамтдаа байх. Хүүхэд тань
харанхуйгаас айдаг бол харанхуй өрөө/гэртээ хүүхдээ хэсэг хугацаанд өвөр дээрээ
суулгаад "Харанхуйгаас айгаад байх юм байхгүй" гэж тайлбарлах.
Гунигтай байхад
Утга чанарын хувьд хүүхдийн гуниг бол томчуудынхаас тэс өөр үзэгдэл. Томчуудын гуниг гутралд
ямар нэг бодлого, төсөөлөл, бодит үйлийн тооцоо, сүсэг бишрэл оролцсон байдаг
бол хүүхдийн гуниг бодит зүйл байдаг. Томчуудын хүсээд байгаа зүйлийг нь
биелүүлэх, боломжийн хариу явуулах, ганц сайхан онигоо яриад өгөхөд л дотор нь
цэлмээд ирдэг бол хүүхдийн гуниг бие даасан мэдрэмжүүдээс тогтдог.
Хамгийн осолтой нь хэдий наанаа инээгээд гүйгээд байгаа
ч хүүхдийн гуниглал дүрс болон хувирч тэр цаана, сэтгэлийн гүнд нь үлдсэн байх
талтай. Тийм болохоор тэднийг сайтар ажиглаж, гуниг гутралын шалтгааныг нь зөв
тогтоож, сайхан санаа бодлоор солихыг хичээх хэрэгтэй.
Бага насныханд тохиолдох хамгийн уй гүнигтай үе бол
ойр дотных нь хүн нас барах. Үхэл бол төрөлтийн адил амьдралд тохиолддог зүйл
боловч томчуудын хувьд ч амьдралын хамгийн хүнд цохилт байдаг. Хүүхдийн хувьд
хэчнээн их уй гунигт автах нь тухайн хүн хэр ойр дотно байснаас шалтгаална. Уй
гунигт автсан ийм үед нь
тэдэнд хамтдаа байх, тайтгаруулах ойр дотны хүн хэрэгтэй.
Хүүхдээсээ
суралцаж болно
Тэд өөрийнхөө үсний боолт,
сам, хоол, суултуур, харандаа, цаас зэргийг бусдад хармын сэтгэлгүйгээр өгч
чадна. Хүнд юм өгөөд баярлахыг нь хараад таашаал авдаг уу, баян хүн болж
харагдах нь аятайхан байдаг уу, бүү мэд. Өглөгч аятай баруун солгойгүй цацаж
байх нь сайхан ч хүнд очсон тэдгээр бэлэг дотор бусдын юм олноороо байх нь
хэцүү. Энэ насныхан булаахаас биш, хэзээ ч хулгай хийхгүй нь сайхан. Хуурна гэж
бүр ч үгүй.
Хүүхэд биднийг дуурайн ямагт суралцаж байдаг. Харин
бидэнд хүүхдээсээ суралцах, санаа авах зүйл байдаг болов уу? Хүүхэд, ялангуяа
бага насныхан бол өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй. Хүүхдийн дараах онцлогуудыг
томчууд бид өөрсөдтэйгөө харьцуулан үзэхэд илүүдэхгүй.
Тэд
бидний тусгал. Бага насныхан бол бидний хэлснийг дуурайн хэлнэ,
хийснийг мөн адил давтана. Хүүхдийн хэлсэн, хийс- нээс бид өөрсдийгөө
ямаршуухан аав ээж вэ гэдгээ тольдон харж болно. Алдаа дутагдал гаргасан бол бүр ч тодорхой харагдана даа. Тэгэхээр тэд бол зарим
тохиолдолд бидний хүмүүжүүлэгч ажээ.
Тэд бол
үнэнч, шударга хүмүүс. Бид үнэнч шударга байх ёстойг мэддэг, эрхэмлэдэг.
Гэвч айснаас, зарим зүйлийг нууж бүрхэгдүүлэх гэж, бусдад таагүй сэтгэгдэл
төрүүлэхгүйн тулд (дипломат байдлаар харилцах) эсвэл тодорхой зүйлийг бүтээх
зорилгоор томчууд өдөртөө цөөнгүй удаа худал хэлдэг ажээ. Харин бага насныхан
бол худал хэлэхийг мэддэггүй, тэд ямар ч шүүлтүүргүйгээр, өршөөлгүйгээр үнэнийг
хэлдэг.
Тэд
зоригтой, тууштай. Та хүүхдээ ямар нэг
зүйлийг хийж сурч байгааг ажиглаарай. Эргэж
хөрвөдөг болох, явж сурах, анхныхаа үгийг хэлж сурах гэх мэт. Тэд шантарна гэж
үгүй. Өнхрөөд унаж байсан ч буцаж босож зогсоод удаан гонгинолгүйгээр дахин
түүнийгээ оролдож эхэлнэ. Дахин давтан хийнэ. Тухайн зүйлээ хийж суртлаа
уйгагүй оролдоно.
Уучилж
чаддаг. Хүүхэд бол зуумтгай биш. Тэд эцэг эхийгээ бараг бүх
зүйл дээр уучилж чаддаг. Санаж бодсоноо шууд л чөлөөтэй хэлнэ. Тэд нэг үе
учиргүй их уйлж, уурлан бухимдавч төдөлгүй бүгдийг мартаж, хэвийн болдог. Ямар
нэг таагүй үйл явдлын дараа томчууд бидний толгойд байн байн орж
ирж шаналгадаг зүйл тэдэнд үгүй. Энэ нь ширүүн борооны дараа тэнгэр арилан
цэлмэх шиг даанч сайхан билээ.
Яагаад?
Сониуч зан бол тэдний төрөлхийн бөгөөд хөгжлийнх нь хөдөлгөгч хүчин зүйл.
Байнгын ажиглалт, судалгаа, "нээлт"-ийнхээ явцад тэд амьдралд хэрэг
болох зүйлдээ байнга суралцаж байдаг. Олон насанд хүрэгчдийн хувьд энэхүү зан
чанар арилан одсон байдаг. Угтаа сониуч зан бол биднийг цаашид хөгжүүлэх
хөдөлгөгч хүч, хүн насан туршдаа л шинэ зүйлд суралцаж байх ёстой юм.
Инээвэл эрүүлжинэ. Хүүхдийн хөгжилтэй инээд бол тэдний хөөр баяслын илрэл,
мөн томчууд бидэнд ч таатайгаар нөлөөлдөг. Хүүхдийг инээхэд томчууд голдуу
даган инээдэг. Хүүхдийн адилаар ээж аав нар үнэн сэтгэлээсээ инээж чаддаг бол
гэр бүлийн гишүүн бүрт таатай, эрүүл саруул байхад ч тустай.
Өөр өнцгөөс харах. Хүүхэд орчин тойрондоо байгаа зүйлсийг тал талаас нь
авч үздэг учир томчуудын анзаардаггүй зүйлийг ч олоод харчихсан байдаг. Ээжийн
ээмэг, айлын эмээгийн аяган дээрх цэцэг гэх мэт жижиг сажиг зүйл ч тэдэнд
сонин. Бид тэдний нүдээр орчин тойрноо нягтлан харвал олон шинэ зүйлийг олж
харах вий. Томчуудыг бодвол хүүхэд мөн өөрийгөө бусдын байр суурин дээр амархан
аваачиж тавьж чаддаг.
Хүүхдийг урамшуулах шийтгэх
Урамшуулал
Урамшуулна гэдэг нь хүүхдээ сайшаан үнэлж, талархаж
байгаагаа илэрхийлэхийг хэлнэ. Урамшуулал нь хүүхдийн эерэг зан чанар, сэдэл
тэмүүлэл, бусадтай харилцаж буй байдал, хийж гүйцэтгэсэн ажил үйл гээд юунд ч
хамааралтай байж болдог.
Яаж илэрхийлэх вэ?
Юуны өмнө та талархал, хүндэтгэлээ урам зориг өгсөн
сайхан үгсээр илэрхийлж болно. Үүнд таны гэрэлтсэн сайхан царай, бахархалтай
инээд хүч нэмнэ. Өдөр тутмын амьдралдаа та урам зориг өгсөн эелдэг үгс
хэрэглэснээр хүүхдээ урамшуулахын зэрэгцээ гэр бүлдээ халуун дулаан, хайр
халамж бүхий таатай уур амьсгалыг бий болгоно. Урамшууллыи
зарим үгс
ü Ээждээ тусалдаг сайн
хүү шүү
ü Миний охин ороо ямар
гоё хураагаа вэ?
ü Ухаантай хүүхэд шүү
ü Миний хүү том л болж байна даа
ü Би ийм л охинтой
байхыг хүсэж байсан
ü Сайхан сэтгэлтэй
хүүхэд шүү
ü Миний хүү ч тусад орж байна даа
ü Миний охин авьяаслаг
шүү
ü Чи мундаг шүү дээ, чадна
ü Үгэнд сайн ордог онц
хүүхэд
ü Өөрөө хувцсаа өмсдөг
мундаг хүүхэд
Зөв
урамшуулал
ü
Таны урамшууллаар хүүхэд тань би сайн байсан байна,
би зөв юм хийж, аав ээж дэмжиж байна гэдгийг мэдрэх нь чухал.
ü Хүүхдэдээ тохируулан
урамшууллаа бодлоготой сонгох. Хэрэв хүүхэд тань ямар нэг тоглоом авхуулахаар
удаан хугацаанд хүссэн бол түүнийг нь авч өгвөл хүүхдээ хүндэтгэж байгаагийн
илрэл болно.
ü Зарим тохиолдолд хүүхэд
хүссэн амжилтандаа хүрээгүй, мөн алдаа дутагдал гаргасан байж болно. Гэхдээ тэд
өөрөө сайн байхыг хүсэж байж болзошгүй. Тэгвэл зүтгэлийг нь үнэлж, талархалтай
байгаагаа мэдрүүлнэ.
ü
Хэрэв урамшууллаар ямар нэг аялал хийхээр шийдсэн
бол хаашаа явах, ямар цаг хугацаа зарцуулахаа ярилцаж тохирч болно. Ярьж
тохирсноо хэрэгжүүлэхгүй бол урам зоригийг нь амархан хугална.
Шийтгэл
Шийтгэлийн эх үүсвэр
Дээхэн үед олон эцэг эх хүүхдээ
өөртөө захирагдах, дасан зохицохыг шаарддаг байсан. Тэгээд хэлсэн, шаардсаныг
нь биелүүлээгүй тохиолдолд хүүхэд буруутан болно, шийтгэл хүлээж ч мэднэ.
Хүүхэд хүмүүжүүлэхдээ баримталдаг эцэг эхийн иймэрхүү хандлага, төсөөлөл
хүүхдийн сэтгэл санаанд нийцэхгүйгээс хоорондоо ойлголцохгүйд хүрэх тал бий.
Мөн хүүхэд дэггүйтэх, ээж аавынхаа хэлсэн, хүссэнийг биелүүлэхгүй байх, этгээд
зан авир гаргах зэрэг нь шийтгэлийн эх үүсвэрийг тавьдаг. Нөгөөтэйгүүр эцэг
эхийн харилцааны доголдол (архи дарс хэтрүүлэн хэрэглэх, бүдүүлэг зан авир
гаргах, үглэж янших гэх мэт) нь хүүхдийн ааш занд сөргөөр нөлөөлнө.
Шийтгэлийн үр дагавар
Эцэг эх хүүхдээ загнах, зандрах, өөр өрөөнд оруулах,
номхон зогсоох, цаашилбал зодох гэх мэтээр шийтгэдэг. Хүүхдийг зодох талаар
манай ээж аав нар ч бас "Хүүхдийг
зодож болохгүй. Тийм харгис юм гэж юу байхав", "Хуүхдийг зодоход
барцад нь гараад зүгээр шүү дээ" гэх мэтээр харилцан адилгүй
бодолтой байсаар байна.
Эцэг эх хайраа умартан хүүхдэдээ хүйтэн ширүүн хандаж,
бие, сэтгэлийн дарангуйлал үзүүлсэн, ялан- гуяа зодсон тохиолдолд тэдэнд насан
туршид нь мартагдахгүй таагүй сэтгэгдэл үлдэнэ. Энэ нь дахин давтагддаг бол бүр
ч аюултай.
Хэрэв та хүүхдээ зоддог бол тэд том болоод өөрийнхөө
хүүхдийг зодохгүй гэсэн баталгаа байхгүй.
Аливаа шийтгэл бол хүүхдийг хүмүүжүүлэхэд нөлөө
багатай, урагшгуй арга. Эцэг эх хүүхдээ цохиод, нудраад авдаг нь хүүхэдтэйгээ
ажиллах арга барил дутмагийн л илрэл юм.
Шийтгэхийн оронд
Та хүүхдээ шийтгэхээс ямагт зайлсхийхийн тулд:
ü
Гэр бүл дэх таатай халуун дулаан уур амьсгал
хүүхдэд шууд бусаар нөлөөлж, тэд элдэв этгээд зан авир гаргаад байхгүй.
ü Хүүхэд тань зүй
бусаар харилцсан тохиолдолд учир шалтгааныг нь олох, хүүхдээ ойлгохыг хичээх.
ü Хүүхдээ ойлгохын тулд
өдөр бүр богино ч хугацаагаар хүүхэдтэйгээ ярилцах, "хүүхдээ сонсох"
цаг гаргах.
ü Хүүхдэдээ
хатуурхахгүй байх. Хүүхэд алдаа гаргаж болно, алдаанаасаа тэд суралцдаг.
ü Шийтгэлийг давхар
оноохгүй байх. Жишээлбэл, хүүхэд бүдэрч унахад түүнд өвдөлт нь хангалттай.
Дээрээс нь үглэж загнах бол илүүц.
ü Тавьсан шаардлагадаа
тууштай байх. Та эхлээд хориглож байсан зүйлээ хэсэг хугацааны дараа зөвшөөрөх
юм бол хүүхдийн итгэл алдарч, дараагийн шаардлага тань үр дүн багатай болно.
ü
Өөрийнхөө уурыг гаргах оролдлого хийх. Энэ нь
хүүхэдтэйгээ зохистой харилцах, асуудлыг бодитой шийдвэрлэхэд тустай.
Шаардлагатай гэж үзээд шийтгэлээ ч дараах хоёр асуудалд анхаарлаа
хандуулаарай.
1. Шийтгэхийн өмнө уураа бүрэн барьсан байх
2. Шийтгэл нь хүүхдэд
хожим зөв санагдахаар байх
No comments:
Post a Comment