Tuesday, April 5, 2016

Хүүхэд хүмүүжүүлэх монгол арга ухаан



Эхийн хэвлийд бойжих үйл явц
Ээжийнхээ алтан хэвлийг мялааж олдсон хүүхэд эргэх долоон гарагийн шууд нөлөөнд бойждогийг эрдэмтэн судлаачид олон жилийн нөр хичээнгүй судалгаагаараа олж тогтоожээ.
Yүнд:
-Эхний сард:              Санчир гарагийн нөлөөнд хүүхэд хүн дүрсээ олно.
-Хоёр дахь сард:        Бархасбадь гарагийн нөлөөнд хүч энерги олно.
-Гурав дахь сард:       Ангараг гарагийн нөлөөнд бие эрхтэний хөгжил тогтож тархи өснө.
-Дөрөв дэх сард:        Адъяа гарагийн нөлөөнд зүрхний ажиллагаа буй болж ажиллаж эхэлнэ
-Тав дахь сард:           Сугар гарагийн нөлөөнд бүх эрхтэн дүрс хэлбэрээ олно.
-Зургаа дахь сард:      Буд гарагийн нөлөөнд нүд хөмсөг буй болно.
-Долоо дахь сард:      Сумъяа гарагийн нөлөөнд бүх эрхтэн гүйцэд хөгжинө.
-Найм, ес дэх сард:    Дахин санчир гарагийн нөлөөнд гадаад орчинтой харьцах бүх бэлтгэл нь хангагдана.
Хүүхэд эхийн хэвлийд есөн сар, ес хоног, есөн цаг бойжиж дуусаад эх дэлхийн хөрсөнд хүн болж мэндэлнэ.
ХҮҮХДИЙН УГААЛГЫН ЁСОН

Шинэ төрсөн хүүхдийг угаах, хүүхдэд нэр өгөх ёс хамгийн хүндтэй зан үйлийн
нэг бөгөөд Монгол түмэн эрт цагаас эрхэм дээд ёс заншил болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.

Хүүхэд төрсөн нь тухайн айлд тохиолдсон сайхан учрал, онцгой үйл явдал юм. Үүнийг хүүхдийн угаалгаас мэдэж болно.

Хүүхдийн угаалга нь шинэ хүнийг гэр бүлээрээ, олноороо хүлээн авч, дуудагдах нэрийг өгөх ёслол юм.

Хүүхэд төрснөөс хойш голдуу 3 хоноод, хэрэв бие султай, ороолгон хүүхэд байвал 7 хоноод хүүхдийн угаалгыг хийдэг заншилтай. Тохиолдох аль сайн өдрийг товлон уг ёслолыг үйлддэг уламжлалтай.

Хүүхдийн угаалгын ёслолд зориулж идээ будаа, зоог шүүс, айраг, сархад бэлтгэнэ. Зарим нутагт зоог шүүсэнд эхийг төрөхөд гаргаж шөл өгсөн хонины гэдэс дотор, цус, үнхэлцэг, элэг бөөр оролцуулдаг ёс бий.
“Угаалга” нь гол төлөв өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд эх барьж авсан хүн буюу “авсан ээж”-ийг хүндэтгэн урьж хамгийн хүндтэй зочин болгож гэрийн хойморт суулгаж, төрсөн эхэд зориулан гаргасан хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн “авсан ээж” нь угаалганд ирэхдээ гурван бүсний хамт нэхий өлгийг хүүхдэд бэлэглэдэг. Тэгээд хүүхэд угаах зан үйлийг удирдан гардан гүйцэтгэдэг.
Угаалгын ёслолыг үдээс өмнө эхлэнэ. Хүүхдийг эрүүл чийрэг өсгөхийн тулд айраг, цагааны шүүсээр угааж, арц буцалган булхуулж ариулдаг байжээ. Хүүг 3 рашаан гэгдэх эхний хар усаар эхэлж угаана. Дараа нь цагаан рашаан буюу хярмаар, дараа нь ууц тавихад зориулж гаргасан хонины хүзүүний шөлөөр угаана. Уг угаалгыг авсан ээж нь үйлдэнэ.
Дараа нь нэхий өлгийндөө хүүгээ өлгийдөөд төрсөн өдрийнх нь гаригийг оролцуулан хүүхдэд нэр хайрлаад эх, хүү 2-ыг ариусгана. Гэрийн хаяанд /хананд/ төрсөн эх энэ үеэс хойш дээшээ байрлаж байна гэсэн үг юм.
Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмгийг “хүүхдийн хувь” гэж тавиад сүүлд нь эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмгийг нь ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг. Угаалгын зоогонд “хурим” гэж нэрлэгдэх зоог ордог. Өрөмтэй будаа, тос, аарц хольж тавих ба идээ будаа, чихэр жимс, ундаа айргаа тавьж “хүүхдийн угаалгын ёслолын найр” хийнэ. Найранд угаалгын ёслолыг нар шингэх (тонгойх)-ээс өмнө өндөрлөдөг ёстой. Хүмүүсийг ихэд ууж согтуурхыг хатуу цээрлэнэ.

НЭР ХАЙРЛАХ ЗАН ҮЙЛ

Монголчуудын дунд шинэ гарсан хүүхдийн угаалга хийх, нэр өгөх зан үйл нь гэрийн төдийгүй төрийн ёсыг хамтад нь агуулсан эрхэм дээд хүндэтгэл юм. Хүүхдийнхээ угаалга хийх өдрийн өглөө нь эрт босож гэр орноо янзлаад, тавгийн идээгээ засаж цай, цагаалгаа бэлэн болгочхоод бага үд болмогц айл саахалтынхнаа урьж оруулаад өөрсдийнхөө өвөө, эмээ, ах дүүгээ зална.
Ийнхүү суудлаа эзэлсний дараа шинэ хүндээ хэн гэж нэр өгөх талаар ярилцаж, хүмүүсийн хэлсэн олон нэрнүүдээс хамгийн сайхан сонсголонтой, зөн билэгтэй, тэр хүүхдийн жил, сар, өдрийн байдалд тохирсон нэрнүүдийг олон хэсэг жижиг цааснаа нэг нэгээр нь бичиж хуйлаад /сугалаа мэт болгож/ урьдаас бэлтгэсэн дотроо будаатай вааран дотор тараан хийж, дээрээс нь будаагаар бүрхүүлэн далд оруулаад ваар савны амыг нь хадгаар бүтээн бурхан шүтээнийхээ өмнө аваачиж тавина.
Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж үзэхэд тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.
Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг 3 удаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.
Цугларсан олон адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү? гэж асуугаад авчирсан бэлгээ өгнө.

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН

Энэ ёсыг өөр өөрөөр нэрлэдэг заншилтай. Хүүхдийн үс авах гэдэг нь түгээмэл нэр бололтой. Сэвлэг үргээх, даахь авах, өрөвлөг үргээх гэх зэргээр нэрлэдэг байна. Эдгээр нь Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэгэн. Өрх гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ.
Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.

Нялх  үсийг авах учир
Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ.
Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай. Зарим нь эвэр тавихыг дурын асуудал ч гэдэг аж.

Эвэр тавих ёсон
Унаган сэвлэг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай.
Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Одоо цагт энэ ёс бараг орхигджээ.
Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг. Юу вэ? гэвэл:
  • Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.
  • Даахь (нялх үс)-ийг  нь авч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг .
Үс авах ёсон
Хүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт арай өөр өөр заншилтай.
  • Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг 3, 5 буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг 2, 4 гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм.
  • Энхрий (эхнэр) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.
  • Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.
Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ.
Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог.
Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ.
Эртний монголчууд эврийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ.

ХҮҮХДИЙГ ХӨХНӨӨС ГАРГАХ СУДАР
Хүүхдэд эхийн хөхний сүү шиг амин дэм, дээдийн сайн тэжээл гэж байхгүй. Гэвч эхийн хөх өвчлөх, сүүгүй болох, хүүхдээ хүнд үрчлүүлэх гэх мэт олон шалтгаанаар хүүхдээ хөхнөөс гаргах тохиолдол бий. Гэхдээ өдөр судар үзэлгүйгээр дуртай өдрөө гаргадаггүй. Монгол зурхайн өдөр үзлэгийн сударт “Эх хүн хүүхдээ хөхнөөс гаргах өдөр” гэж тусгайлан заасан байдаг
Yүнд:
1.    Хулгана өдөр 22 дахь одтой
2.    Үхэр өдөр 19 дахь одтой
3.    Бар өдөр 24 дахь одтой
4.    Туулай өдөр 21 дахь одтой
5.    Луу өдөр 19 дахь одтой
6.    Могой өдөр 16 дахь одтой
7.    Морь өдөр 13 дахь одтой
8.    Хонь өдөр 10 дахь одтой
9.    Бич өдөр 7 дахь одтой
10.    Тахиа өдөр 4 дэх одтой
11.    Нохой өдөр 1 дэх одтой
12.    Гахай өдөр 25 дахь одтой таарч тохиосон өдрүүд сайн гэж сонгодог.
Нэг анхаарах зүйл гэвэл зуны тэргүүн могой сар, намрын тэргүүн бич сард хүүхдийг хөхнөөс гаргах цээртэй байдаг.

“ЭНРХИЙ” ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ЗАНШИЛ

Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэд олонтой тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэр хормойноос авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авахуулах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцсанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд боож авбал сайн гэдэг ажээ. Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага гэх мэтийн амьтадын шөрмөсөөр боодог байжээ.
Хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд Шаалуу, Бэлтрэг, Боохой, Мод чулуу, Эмээл, Янгиа, Оргодол, Хөх нохой, Цагаан нохой, Орос гэх зэрэг нэр өгдөг. Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж, үрчлүүлдэг заншил зарим нутагт одоо хэр байна. Тэгэхдээ эхээс нь нуугдуулж буруу үүдээр гаргадаг. Тогтдоггүй хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх, ан амьтны арьс үс, шүд, соёо, шагай, шувууны хумс, загасны хүзүү нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг. Тогтдоггүй хүүхдийн үсийг багад нь авдаггүй байв. Тийм хүүхдийн дээлэнд есөн нүх зүүлгэж байсан нь “тогтоох” гэсэн бэлгэдэл юм.

ДОЛООН ХҮҮХДИЙН НАЙР

Үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл ийм ёслол үйлддэг байв. Найрт доод тал нь долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцдог. Насанд хүрэгсдийг оролцуулдаггүй журамтай. Тэгээд өрхийг бүтээн харанхуйд ууж идүүлэн, хөгжөөн шуугилдуулж дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэдэг. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа ажээ. Энэ ёслол долоон бурхан одыг үр хүүхэд заяаж авчирдаг гэсэн бэлгэдэл юм.

ҮР ХҮҮХЭД ГУЙХ

Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж, өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг.
Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга цайллага хийдэг байжээ.

ХҮҮХЭД ҮРЧЛЭХ ЁС
Монголчууд гэр бүлийг бат тогтворотой байлгахыг эртнээс анхаарч иржээ. Түүний нэг хүчин зүйл бол хүүхэд үрчлэн авах явдал гэж үзэж байв. Сэтгэлтэй эр эм хоёр дундаасаа хүүхэд гарахгүй бол өөр айлаас хүүхэд үрчилж авдаг байлаа. Одоо ч тийм ёс үргэлжилж байна. Үүнийг хүүхэд өргөж авах ч гэдэг. Нэг талаас хүүхэд үрчилж авах эцэг эх, нөгөө талаас хүүхдээ үрчлүүлэх эцэг эх хагрилцан санаа нийлсэн байдаг. Хүүхэд үрчилж авах, үрчлүүлэх хүмүүс лам зурхайчаар өдөр цаг үзүүлж өдөр гаригийн бэлгэдлийг нарийн баримталдаг. Тэгээд үрчлэх эр эм хоёр үрчлүүлэх айлдаа “сүүн” бэлэгтэй очно.
Сүүн бэлэгт заасан тодорхой хэмжээ байгаагүй. Өгөх хүмүүсийн сэтгэл , хэр чинээнээс болдог байв. Хүүхдийг авч байгаа айлд цөөн тооны мал ч тууж очдог. Говь нутагт сүүн бэлгийн дээд хэмжээ болгож нэг тэмээ өгдөг гэдэг. Харин хүүхдээ өгч байгаа айлын хүн бүрт дээлийн өнгө өгдөг заншил түгээмэл байв.
Зарим нутагт хүүхэд үрчлэн авах хүмүүс хүүхдээ үрчлүүлж байгаа айлд ирж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар хонин цагт хүүхдээ авдаг байв.
Үрчлэн авч байгаа эх хүүхдийн төрүүлсэн эхэд хадаг барьж “Хүүхдээ хайрла” хэмээн гуйна. Тэгэхэд хүүхдээ гардуулж өгнө. Өргөж авч байгаа эх авчирсан өлгийдөө өлгийдөн авч явдаг.

ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙГ ГЭРТ ОРУУЛАХ ЁСЛОЛ

Өргөж авсан хүүхдийг гэртээ оруулах ёслол нарийн бэлгэдлийн шинжтэй байдаг. Тэр хүүхдийг гэртээ оруулахын өмнө гэрээ зөв нар зөв нэг тойруулдаг. Гэртээ оруулаад эмэгтэй хүүхдийг бол тулга юмуу зуухаа нар зөв тойруулаад гэрийн зүүн урд аваачиж тогооны бариул бариулдаг. Энэ нь гэрийн эзэгтэй болох ирээдүйг бэлгэдсэн хэрэг билээ. Эрэгтэй хүүхдийг бол мөн гал голомтоо тойруулж, дараа нь ном бичиг, ногт, хазаар, уурга бариулдаг.

Эрэгтэй эмэгтэй хүүхдийг алийг нь ч гэрийн бурхан шүтээнд мөргүүлж “адис авахуулдаг” ёс үйлддэг байжээ.

ХҮҮХДИЙН “АМ ГЭМТЭХЭД” ХИЙХ ДОМ

Хүүхдийн ам гэмтэхэд голдуу хүйгээр нь домнодог. Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулж домнодог байв. Тэгж домнохдоо Эхэн дом, эхэн дом, эхэн дом хэзээ морины хазаараар домнуулж байлаа гэж хэдэнтээ шившин үгэлдэг заншилтай. Зарим нутагт төмөр улайтгаж баганаа цоргиод утаагаар хүүхдээ утаж домнодог ёс ч бий. Нохой засаад халуун төмсгөөр нь домнодог ёс байв. Бас бурхан багшийн зурмал зургийг аманд нь гурав хүргэж домнодог заншил ч байдаг.

ХҮҮХЭД “ХӨЛСӨХӨД”-Д ХИЙХ ДОМ ШИВШЛЭГ, “ШИРГЭЛЭХ” АРГА

Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлж чарлавал “Хүүхэд хөлслөө” гэж эцэг нь нь дом шившлэг, ширгэлэх зан үйл хийж, зүгээр болгодог арга чарга бий. Түүнчлэн өвчин ороомтгой, эсвэл уйланхай хүүхдийг ч энэ арга заслаар зүгээр болгодог билээ.
“Хаврын гурван сарын бар, бич өдөр, зуны гурван сарын үхэр, хонь өдөр, намрын гурван сарын луу, нохой өдөр, өвлийн гурван сарын могой, гахай өдрийг “гүйдэлтэй өдөр” гэх учир энэ өдрүүдэд төрсөн хүүхэд уйланхай, өвчин ороомтгой байдаг. Ийм хүүхэд болон хөлссөн хүүхдийг хөлсийг гаргахдаа: Сосорбарам бурханы зүрхэн тарни “Сосорбарамаалаа чанцаало, ум ма ни даари базар-ни, махаа бараа-дий саа-ри хум хум, пад пад” үүнийг аягатай усанд 3-7 удаа шившин уншиж үлээгээд нар зөв гурав, нар буруу гурав эргүүлэн хүүхэд хөлссөн зүг рүү цацна.
“Ширгээх дом заслыг манай баруун аймгуудад голлон хэрэглэдэг. Асч байгаа гал, цог дээр давс цацахад “пис пис” гэсэн дуу гарах ба энэ үед нь хүүхдээ чармай нүцгэлэн, малгай буруу харуулж өмсгөөд гал болон цог дээгүүр нар зөв эргүүлэн “Ган ширэг суухаа, гангаа ширэг суухаа, ширэг, ширэг, ширэг” /гурван удаа/ гэж амандаа шившин уншина.
Сосорбарам бурханы тарни, Ширгийн тарни аль алийг шившин уншихдаа хөлссөн хүүхдийн цээж рүү гурван удаа үлээж уншина.

-          Хүүхэд чинь шөнө уйлж цочиж сэрээд байвал ногоолин чулуу зүүж өгөөрэй.
-          Галын чулуу нэртэй тунгалаг шар чулууг хүүхдэдээ зүүж өгвөл маш тайван унтдагийг ч мэдэхэд илүүдэхгүй.
-          Уулын болор хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалдаг.
-          Шүр, маргад хоёр хүүхдэд ээлтэй чулуу гэдэг. Хүүхдийн хүзүүнд зүүж байвал арьсны элдэв өвчнөөс хамгаалдаг аж.
Мөн хүүхэд халуурч бүлээрэн ханиад томуу тусах үед “Долоон бурханд ус адислуулж өгөх гэж” үдэш орой гэр дээр тавьж дараа нь хүүхдэд уулгадаг. Халхчуудын дотор хүүхэд ханиад хүрэхэд хамрыг хөөдөх, хар цагаан рашаанаар хүүхдийг угааж буруу үүдээр гадагш цацдаг байв. Хүүхэд “хөлсөж” бие нь эвгүйрхэж уйлахад үдэш орой тугалга, лаа хайлуулж хүүхдийн дэргэд савтай хүйтэн усанд хийж ямар нэгэн гарсан дүрсийг хүүхдийн өлгий тоглоом зэрэгт зүүдэг ёс одоо ч өргөн дэлгэр хэрэглэдэг.

ХҮҮХДЭД ЦЭЭРЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ
1.    Гашуунаар бүү тэтгэ
2.    Амттанаар бүү цатга
3.    Өнгөнд бүү шунуул
4.    Тансагт бүү умбуул
5.    Улайг бүү үзүүл
6.    Нойронд бүү автуул гэсэн захиасыг сэтгэлд сийлж ухаанд урлаж орхисон байна. Монгол айлд монгол хүн ийм л жаяг ёсыг сахин амьдарч, хийж бүтээж, төгс нөгчиж зуун зууныг туулжээ.
Ёс заншил хорио цээр
Эртнээс өдөр тутмын амьдралдаа мөрдөж ирсэн монголчуудын ёс заншил, хорио цээр нь хүүхдэд болох, болохгүйг мэдүүлэх, тэднийг осол гэмтлээс сэргийлэх, хүмүүс болон эд зүйлс, байгальтай зөв харьцахад сургах санаа зорилгыг чамгүй агуулсан байдаг ажээ.
1.    Зан төлөв, харилцаа
•    Худал хэлдэггүй
•    Хүмүүсийн хооронд хов зөөдөггүй
•    Ахмад хүний дээд талд суудаггүй
•    Аав, ахынхаа дэргэд завилж суудаггүй
•    Хүний өмнүүр орж ярьдаггүй
•    Зочны өмнүүр гүйдэггүй
•    Хүний юмыг зөвшөөрөлгүй авдаггүй
•    Хүний толгой, малгайд хүрдэггүй
•    Хүн рүү хуруугаараа зангаж ярьдаггүй
•    Ахмад настны мөрөн дээр гараа тавьддаггүй (мөрөн дээр хийморь нь байдаг)
2.    Эмх цэгц
•    Аяга, тавгаа өрж хонуулдаггүй (өрөнд орно)
•    Цүнхний амыг онгорхой орхидоггүй (гарз гарна)
•    Ороо засалгүй орхидоггүй (ажил бүтэхгүй)
•    Авдрын тагийг онгорхой орхидоггүй (гарз гарна)
•    Халбагаа аягандаа хийж тавьдаггүй (ажил үйл үл бүтнэ)
3.    Хооллолт
•    Цайгаа дутуу ууж үлдээдэггүй (амны хишгээ үлдээнэ)
•    Зогсоогоор цай уудаггүй (ажил бүтдэггүй)
•    Хэвтэж хоол иддэггүй (өвчин тусна)
•    Буруу харж сууж хоол иддэггүй
•    Цагаан будаа асгадаггүй (ширхэгийнх нь тоогоор өрөнд орно)
4.    Эрүүл ахуй
•    Хуруугаа хөхдөггүй (ээж нь үхнэ)
•    Самандаа сэвээ үлдээдэггүй (ажил бүтэхгүй)
•    Зуухны үүдэнд хогтой хонодоггүй
•    Үснийхээ үзүүрийг амандаа хийдэггүй (эмэгтэй хүн зовно)
•    Орой усанд явдаггүй
•    Эмэгтэй хүн завилж суудаггүй
•    Хөлийнхөө улыг нийлүүлдэггүй (муудалцана)
•    Амаараа тургидаггүй (бороо орно)
5.    Эд юмстай харьцах
•    Босгон дээр гишгэдэггүй (гарз дуудна)
•    Хаалга савдаггүй (муу ёр)
•    Хаалга алдалдаггүй (олзны үүдийг хаана)
•    Тотгоноос зүүгддэггүй
•    Хана дөрөөлдөггүй (муу ёр зөгнөнө)
•    Багана түшдэггүй (баганы зовлонг үүрнэ)
•    Давс асгадаггүй (гай тохиолдоно)
•    Аягыг хооронд нь харшуулдаггүй (хэрүүл ирнэ)
•    Ширээн дээр суудаггүй (өрөнд орно)
•    Угаасан хувцсаа гадаа хонуулдаггүй (муу юм шүгэлнэ)
•    Энгэрээ зуудаггүй (ээж нь үхнэ)
•    Малгайгаа буруу харуулж өмсдөггүй (нас барсан хүн дээр ингэж орно)
•    Уурган дээгүүр гишгэдэггүй
6.    Осол гэмтлээс сэргийлэх
•    Хайчны ам ангайлгаж тавьдаггүй (гарз гарна)
•    Бороо ороход хаалга голлож суудаггүй (аянганд цохиулна)
•    Тулга тойрч гүйж, харайдаггүй
•    Харанхуй шөнө, харуй бүрийгээр үс, хумс авдаггүй
•    Галаар тоглодоггүй
•    Хутга мэсний ирийг дээш нь харуулж тавьдаггүй
•    Хайч, хутганы үзүүрийг хүн рүү харуулдаггүй
•    Унинаас зүүгддэггүй
•    Чихээ төмрөөр ухдаггүй (буян барагдана)
7.    Байгальтай харьцах
•    Амьтан, хорхой шавж алдаггүй (нүгэл болно)
•    Газар шороо хөндөж сүйтгэдэггүй (эзэн савдаг хэлэгнэнэ)
•    Усанд өнгөтэй юм /сүү цагаа, цус/ оруулдаггүй (бохирдоно)
•    Галд хог, хувцас, хоол, ундны үлдэгдэл хийдэггүй (гал бохирдоно)
•    Гал руу сонгины хальс хийдэггүй (малын нүд өвдөнө)
•    Булгийн эхэн дээр гэрээ барьдаггүй (лус хилэгнэнэ)

No comments:

Post a Comment