Хүүхэд төрснөөр танай гэр бүлийн амьдралын хэв маяг,
хоорондын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарна. Хоёулаа л хоорондоо харилцдаг
байсан бол том жижиг гурван хүний дунд харилцаа үүснэ. Мөн эмээ өвөө нар тал
талаас нь зааварчлаад эхэлнэ. Ам бүл нэмэгдсэнээр хүүхдээ арчлах их ажил
өрнөнө.
Хүүхэд уйланхай бол бүр ч хэцүү. Хоёулаа ядарсан, нойр
дутмаг, бас нялх хүүхдээ асарч хамгаалж чадаж байна уу, үгүй байна уу гэж
эргэлзэнэ.
Шинэхэн аав ээж
болж байгаа хосуудад шинэ нөхцөл байдалд дасан зохицож энэхүү хямралыг
хариуцлагатай, аз жаргалтай, гэрэл гэгээтэйгээр даван туулахад дараах санамжууд
хэрэгтэй. Үүнд:
1.
Сэтгэл
санааны бэлтгэлтэй бай.
Амьдрал дандаа санаснаар сайхан байхгүй, ядрах, бухимдах,
заримдаа уурлах, хүүхэдгүй байсан нь амар санагдах үе тааралдаж магадгүй
гэдгийг хүлээн зөвшөөрч сэтгэл санааны байдалтай байх хэрэгтэй. Гэхдээ хүүхэд
бол аз жаргал, сайхан зүйл. Ачаалалттай
хүнд үе удаан үргэлжлэхгүй. Төдөлгүй хүүхэд тань мөлхөнө, явна, хэлд орно, гэр
бүлд байнгын баяр баясгалан бэлэглэнэ.
2.
Хүүхэддээ
цаг зав гарга, хайрла.
Эхний 3 насандаа хүүхэд ямар хүн болох суурь нь
тавигддаг. Нэн ялангуяа тэд аз жаргалтай, амжилт бүтээлтэй хүн болох уу, эсвэл
өөртөө итгэлгүй эргэлзсэн, гутруухан нэгэн болох уу гэдэг нь энэ үед
шийдэгддэг. Тэгэхээр мэндэлсэн цаг мөчөөс нь эхлээд чин сэтгэлээсээ хайртай
байна гэдгээ хүүхэддээ мэдрүүл. Ингэснээр та хүүхдийнхээ амьдралын цаашдбн замд
хамгийн хэрэгтэй зүйл болох өөртөө итгэх итгэлийг түүнд өгнө. Өөртөө итгэх
итгэлийг хүүхэд зөвхөн хайраас мэдэрч авна.
3.
Хоорондоо
зөвлөж ярилцаж бай.
Өөр өөр гэр бүлд өссөн, ажил, сургуулийн замнал ч адилгүй
байсан болохоор та хоёрт нэгнийхээ хэлсэн үг, хийсэн зүйл, зан харилцаанд
таалагддаг аятай зүйл байвч таалагдахгүй зүйл бас гарна. Хүүхдээ арчлахдаа
эргэлзсэн, айсан, санаа зовсон зүйлээ мөн уур уцаарынхаа талаар ч гэсэн
хоорондоо ярилцаж бай. Хэрэв хэн нэгэн нь илүү ачаалалтай эсвэл сэтгэл
ханамжтай биш байгаа бол хамтдаа асуудлаа шийдвэрлэхийг хичээ. Та нарын
тулгамдсан асуудлыг өөрсдөөс чинь илүү хэн ч сайн мэдэхгүй. “энэ ч чухал биш”,
“болох байлгүй дээ”, “дараа нь” гэх мэтээр өнгөрөөгөөд байвал асуудал улам
даамжирна. Цаашлаад хоорондоо ойлголцохгүйн улмаас гэр бүл салалт ч үүсэх
эрсдэлтэй.
4.
Хариуцлага,
ажил төрлөө хуваалц.
Аав ээж хоёр хүүхдийнхээ төлөө хоёулаа л хариуцлага
хүлээнэ. Аав нь ажилдаа явж, ээж нь хүүхэдтэйгээ үлдэх тохиолдолд мэдээж ээж нь
өдөржин шахуу хүүхдээ арчилж хамгаална. Гэхдээ өдөржин, шөнөжин нялх хүүхэдтэй
ажиллах ямар их ачаалал авч ирдгийг аав бас ойлгож, өөрийн боломжоор гэр
орныхоо ажлаас хуваалцаж дэм болохыг хичээх хэрэгтэй. Нөгөө талаас энэ нялх
амьтны учрыг олж, арчилж чадахгүйдээ гээд ээж нь аавын урдуур орж бүхнийг
хийлгүй, аавд нь үрээ тэврэх боломж олгох хэрэгтэй. Ингэснээр нөхөр нь
эхнэрийгээ илүү сайн ойлгохын зэрэгцээ хүүхэдтэйгээ ажиллахад суралцана.
5.
Өөрийгөө
бүү гаргуунд нь орхи.
Ээж нь, аав нь гээд өдөр тутмын ажлаа байнга нэг хэмээр
хийгээд л нялх хүүхэдтэйгээ суугаад байсны хэрэггүй. Тэгвэл таны сэтгэл санаа ч
тааламжтай бус байх болно. Өөрийн сонирхдог зүйлээ хийх, найз нөхөдтэйгээ
холбоо харилцаатай байх, богино хугацаагаар ч болов гадагш гарах зэргээр өдөр
тутмын амьдралдаа идэвхитэй ханд.
6.
Байгаа
байгаадаа сэтгэл хангалуун бай.
Хосуудын хэн нь ч аав ээж болоход бүрэн бэлтгэгдээгүй
өдөр тутмын амьдралын явцдаа буруугаас зөв тийшээгээ сайн аав ээж болоход
суралцана. Хүүхэд тань бүр нялх байхдаа л таны стэгэл санааны байдал, таатай,
таагүй уур амьсгалыг мэдэрнэ. Гэр бүлийн аз жаргал дан хөрөнгө мөнгөнөөс
хамаардаггүй.
Хүүхэд анхнаасаа өөрийн гэсэн зан араншинтай
төрдөггүй. Таны зан төлөв, сэтгэлийн хөдөлгөөн (баярлах, уурлах гэх мэт),
хүүхэдтэйгээ болон бусадтай харилцаж буй байдал хүүхэд тань ямар хүн болж
төлөвших вэ гэдэгт загвар, үлгэр дуурайлал болж өгдөг.
Хүүхдэдээ уураа гаргаж болох уу?
Уурлаж, чанга дуугаран хүүхдээ загнах, нудраад авах
явдал зарим ээж аав нарт гардаг. Ийм байдал ялангуяа залуу ээж нарт илүү ажиглагдана.
Энэ нь тэдний хүүхэдтэйгээ ажиллах арга барил дутмаг, тэвчээр муугийн л илрэл.
Үүнд ачаалал ихтэй, ажил төрөл нь бүтэмжгүй байх мөн сэтгэл санаа таагүй байх
зэрэг бас нөлөөлнө. Мөн өдөр тутам зөвхөн хүүхэдтэйгээ байж, бусдаас
тусгаарлагдах нь нэрмээс болно.
Уур уцаартайгаар хүүхэдтэйгээ харилцах нь сайн үр
дагавар авч ирдэггүй. Хүүхдийг аймхай, өөртөө итгэлгүй болгоно, тэдний ээж
аавтайгаа чөлөөтэй, нээлттэй харилцах үүд хаалгыг хаана, сэргэлэн цовоо занг нь
алдагдуулна, цаашилбал, арга заль сурахад ч хөтөлж магадгүй. Иймд хүүхдэдээ
уураа гаргаж, ууртай харилцах бол ээж аав нарын цээрлэх гол зүйл.
Уураа
барих аргууд
Хэрэв дотор бачимдан
зүрх дэлсэж, нүд харанхуйлан уур тань хүрээд ирвэл дараах аргуудыг хэрэглээд
үзээрэй.
ü Хүүхдээ тэргэнд нь хийгээд
эсвэл тэврээд гэрээсээ гадагш гар, хэсэгзуур алхаад үзээрэй.
ü Цонхоо нээж хажууд нь
эсвэл гэрээсээ гарч гадаа зогсоод гүнзгий, уртаар амьсгал. Тархин дахь
хүчилтөрөгчийн хангамж сайжирснаар тайвширч, эрүүл саруулаар бодоход нөлөөлнө.
ü Хэрэв хүүхдээ загнамаар
санагдвал хүүхэд рүүгээ шууд бүү халд. Жишээлбэл, "Чам шиг хүүхэд байсны
хэрэггүй" гэж хэлэхийн оронд "Чиний хийж байгаа чинь байж болохгүй
зүйл” гэх.
ü
Хэрэв хүүхдээ цохиод авмаар санагдвал, зүгээр л
хүүхдийнхээ биеэс бариад ав. Ингэж бие махбодоороо шүргэлцэж хүрэлцэх нь
тайвшруулдаг. Хүүхдийн чинь бие гэж энхрий, булбарай зөөлөн байдаг.
Уурласан бол
Хүүхдэдээ уурлаж, эвгүй харилцсан бол болж өгвөл тун
дариухан өөрийнхөө сэтгэл санаа таагүй байсныг хэлэхийн зэрэгцээ юу болсон,
яагаад уурласнаа тайлбарлах хэрэгтэй. Уурлаж уцаарласан бол түүнийхээ талаар
нөхөр/ эхнэртэйгээ эсвэл ойр дотны
найзтайгаа ярилцаж, цаашид яах талаар зөвлөлдөх хэрэгтэй.
Эмээ өвөөгийн оролцоо
Манай монголчуудын хувьд ач, зээгээ өсгөх, "хүн
болгох"-д эмээ өвөө нарын оролцоо, үүрэг хариуцлага их. Эмээ өвөө нар ач,
зээгээ харвал амьдралын нэг утга учир биеллээ хэмээн үзнэ, өөрийнх нь охин, хүү
ч тэдний хажууд юу ч биш. Арчилж хамгаалахад нь зааварчилна, өөрөө боломж
муутай байлаа ч харж хандахаас буцахгүй. Учир нь тэдний ихэнх нь төрсөн
хүүхдэдээ хайраа бүрэн зориулж чадаагүй байсныгаа мэдэрдэг. Мөн хайр гэдэг
өөрөө дундарч дуусашгүй зүйл байдагтай ч холбоотой байж болзошгүй.
Харин залуу хосууд хүүхдээ арчилж өсгөхдөө өөр өөрийн
байр суурьтай. Зарим нь ээж аав хүүхдийг минь хараад өгвөл ашгүй дээ гээд л
ажил, сургуульдаа харайлгаж гарна.
Бүр орхичихоод гадагш, дотогшоо яваад өгч ч магадгүй. Гэтэл зарим нь
өөрсдийнхөө гараар хүүхдээ өсгөх нь хүүхдэд болон бидэнд хэрэгтэй гэж үзнэ. Мөн
хүүхэдтэй ажилладаг өөрсдийн арга барилаа орчин үеийнх гэж илүүд тооцно.
Эмээ өвөө хэрэгтэй
Эмээ өвөө бол хүүхдүүдэд хэнээр ч сольшгүй нөмөр
нөөлөг бүхий хүмүүс. Эмээ өвөө нар төвөгшөөж цуцахгүйгээр тэдэнтэй тоглоно, энхрийлж хайрлана, сонирхолтой үлгэр, түүх ярьж өгнө,
харж хамгаална. Энэ нь олонх гэр бүлд байдаг дүр зураг. Эмээ өвөө нарын тэсвэр
тэвчээр их. Ач, зээ нар "дахиад нэг үлгэр" гэхэд дахиад л ярина,
хүссэн зураг, номыг нь дахин дахин хамт үзнэ, "гутал үдээд өгөөч"
гэхэд уйгагүйгээр үдэж өгнө, "үдэж сурна аа хө" гээд байн байн хамт
давтана.
Амттан шимттэний хувьд ч алгаа илүүхэн дэлгэж
магадгүй. Энэ бүгд бяцхан ач, зээ нарт үнэ цэнэтэй зүйл. Үүнээс өөрсдийнх нь
эрэлт хэрэгцээг анхаарч байгааг, өөрийг нь хайрлаж халамжилж байгааг хүүхэд
мэдэрнэ. Мөн эмээ өвөөгийн тайван амгалан байдал нь тэднийг аятай тухтай байх
нөхцөлийг бүрдүүлнэ. Эмээ өвөө нар тэр бүр бухимдаад байдаггүй. Амьдралын
туршлагаасаа аливаад аядуу тайван хандана, болох болохгүйг мэднэ.
Өнгөрсөн, өнөөгийн гүүр
Өвөө "Намайг
сурагч байхад сурлагын дүн бол хамгийн чухал зүйл байлаа. Багш нар сурагчдаа
дүнгээр нь жагсаагаад биччихнэ. Тэр дүн гээч юманд бүгд баригдаж өгнө дөө. Одоо
бодоход хүүхдүүдийг арай л чөлөөтэй, тайван амгалан байлгаж болмоор байсан
санагддаг юм" гэх.
Эмээ "Намайг бага байхад дэлгүүрт мах, сүү ховор, хэцүү байдаг байсан.
Зусланд сүүний машин ирэхийг хүлээж, сүүнийхээ савыг өөрсдийнхөө оронд
дараалуулж тавьчихаад тоглож гарна даа..." гэх. Иймэрхүү зүйлсийг
төдийлөн харж, сонсож байгаагүй тул тэдэнд сонин. Тэгээд "Эмээ та сүүгээ
яаж авдаг байснаа дахиад ярь даа?" гэнэ. Хөдөөгийн эмээ нар бол сонин
зүйлс бүр ч их ярина. Тэд мөн хүүхэд байхдаа тоглож байсан тоглоом наадмаасаа
зааж сургана. Энэ мэтээр өнөө болон өнгөрсөн үеийн амьдралыг хооронд нь
харьцуулах боломж хүүхдэд олдоно, мөн ээж аав, эмээ өвөөгийн удам судар,
амьдралыг мэддэг болно. Энэ нь хүүхдэд амьдралыг ойлгоход тусална.
Үүсэх зөрчил
Эмээ өвөөгийн оролцоо их байх, ялангуяа хүүхэд эмээ
өвөө дээрээ өсөх нь дан дардан замаар явдаггүй, зарим сөрөг нөлөөллийг бий
болгодог ажээ. Тухайлбал,
ü
Ээж аав болон эмээ өвөөгийн үүрэг, заримдаа эрх
мэдэл нь хэт хутгалдсанаас хүүхэд тэдний дунд самуурч будилна.
ü Эцэг эх болон эмээ
өвөөгийн тавьдаг шаардлага хоорондоо ялгаатай, зөрөөд байвал хүүхэд аль нь зөв,
бурууг ялгахаа больж, эргэлзэхэд хүрнэ. Нэг ижил нөхцөл байдалд хүүхэд өөр
өөрөөр хандаж харилцах (өөрөөр хэлбэл хүнд нь тааруулан харьцах) зальжин занд ч
суралцаж болзошгүй.
ü Эмээ өвөө нар өмнө нь
өөрийнхөө хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх үедээ гаргаж байсан алдаагаа засахыг
эрмэлзэхдээ ач, зээ нараа хэт дураар нь байлгах, бөөцийлөх, эрхлүүлэх тал руу
хэвийдэг. Хэрэв тухайн гэр бүлд ямар нэг муу дадал, зуршил байдаг бол тэр нь
хүүхдэд дамжин очно.
ü Эмээ өвөө нар
хэтэрхий настай бол тэд хүмүүжлийн хуучинсаг үзэл бодлоосоо салж чадахгүй,
түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээнэ.
ü Хүүхэд эмээ өвөө
дээрээ ихэнхдээ байдаг бол өөрийнхөө төрсөн ах, эгч, дүү нараасаа хөндийрнө.
ü Сургуулийн болон
шилжилтийн үеийн асуудлыг давж гарахад хүүхдэд эмээ өвөө нар тэр бүр тусалж
чаддаггүй.
ü Эмээ өвөө нар
мэргэжил дээшлүүлэх сургалт, уулзалт ярилцлагад оролцох нь ховор, тэгэхээр
сурган хүмүүжүүлэх талаасаа зохих өндөрлөг төдий л байж чаддаггүй.
ü
Сайн арчилж хамгаалдаг ч эмээ өвөө нар хүүхдийн
оюун ухааныг нь хөгжүүлэх талын нөлөөлөл багатай.
Алтан дундаж
ü
Ач, зээгээ итгэлтэй, баталгаатай орчин нөхцөлд
байлгах. Тан дээр байхад төвөгтэй эсвэл бие. сэтгэл тань сайн биш байвал тэд
ээж аавтайгаа л байсан нь дээр.
ü Гэхдээ эмээ өвөө нар
ач, зээтэйгээ хөндий биш, байнгын, тогтмол, ойр дотно холбоо харилцаатай байх
хэрэгтэй.
ü Эмээ өвөө нар
хариуцлагаа ухамсарлах, ач, зээгийнхээ хөгжил, хүмүүжилд нь мэдрэмжтэй хандах,
шаардлагатай зөвлөгөө өгч байх нь зөв.
ü
Эмээ өвөө нар ач, зээгээ ээж аав, ах, дүү нараас нь
хөндийрүүлэлгүй, тэдэнтэй нь ойр байлгахыг эрмэлзэх нь зүйтэй.
No comments:
Post a Comment